БНСУ-д зодуулсан 13 настай охины хэрэгтэй холбоотой, хариуг нь авахын тулд ийм үйлдэл хийсэн байж болзошгүй гэж MBC тодотгожээ.

2021-12-17,   373
Улаанбаатар хотын нэгэн зочид буудлын гадна энэ сарын 6-ны өдөр таван монгол эрэгтэй хэсэг солонгос иргэнийг хүчирхийлэн, танхайрсан талаар Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлж байна. Тус зочид буудлыг солонгос хүн ажиллуулдаг ба хэрэгтнүүд солонгос ажилтнуудыг иргэншлийнх нь улмаас хүчирхийлсэн гэж таамаглаж байгаа юм. Хяналтын камерын бичлэгээс харахад, зочид буудлын өмнө машиндаа сууж байсан монгол эрэгтэй хажуугаар нь алхаж өнгөрсөн солонгос иргэнийг барьж аваад, машиндаа авчирсан ба дараа нь хэд хэдэн эрэгтэй түүнтэй нийлжээ. Хохирогч гар утсаараа дуудлага хийх гэж оролдсон боловч эрэгтэйчүүд түүнийг машиндаа хүчээр суулган, цохиж зодож эхэлсэн аж. Энэ үеэр зочид буудлаас өөр гурван солонгос иргэн гүйж гарч ирээд, хохирогчид туслах гэж хичээсэн хэдий ч таван монгол иргэн тэднийг мөн хүчирхийлжээ. Хохирогчдын нэг "Нүд, чихний хэсэгтээ маш их цохиулсан. Миний хамрын яс хугарсан тул хагалгаанд орсон" хэмээн ярьсан байна. Түүнчлэн солонгос иргэдийн хэлснээр, халдагчдын нэг нь цагдаагийн дүрэмт хувцас өмссөн байсан бөгөөд цагдаагийн үнэмлэхээ ч үзүүлжээ. Мөн хэргийн газарт ирсэн цагдаагийн алба хаагчдын үйлдэл ч хачирхалтай санагдсан гэдгээ "MBC News" агентлагийн сэтгүүлчид хэлсэн байна. Нэгэн солонгос иргэн "Цагдаа нар биднийг хүчирхийлсэн таван монгол эрэгтэйг баривчлаагүй, харин өөрсдөө ирээрэй гэж хэлээд явсан" гэж мэдүүлсэн юм. Монгол иргэдийн гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нь одоогоор тодорхойгүй байгаа хэдий ч хохирогчид солонгос хүмүүс учир халдлагад өртсөн гэж үзэж байна. Тэдний хэлснээр, монгол эрэгтэйчүүд тэднээс "Чи солонгос хүн үү?" гэж асууж байжээ. Тиймээс энэхүү хэрэг нь БНСУ-ын дунд сургуулийн сурагчид 13 настай монгол охиныг бүлэглэн хүчирхийлж, бичлэгийг нь зарсан хэрэгтэй холбоотой байж магадгүйг тус улсын хэвлэлүүд онцолсон юм. Уг хэрэг ил болсноос хойш монголчуудын солонгосчуудыг харах өнцөг сөрөг болсон бөгөөд энэ удаагийн явдал нь хариу авах сэдэлтэй байсан байж болзошгүй гэж "MBC"-гийн мэдээлэлд тэмдэглэжээ. Эх сурвалж: MBC News live.mn
БНСУ-д зодуулсан 13 настай охины хэрэгтэй холбоотой, хариуг нь авахын тулд ийм үйлдэл хийсэн байж болзошгүй гэж MBC тодотгожээ.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ