Н.Алтанхуяг: Оффшорын мөнгөөр Монголын төрийг худалдаж авч байгаа чинь нэг өдөр илэрнэ

2021-10-21,   319

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Улсын Их Хурлын зарим гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг хэлэлцэж байна. 
 
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Монголд сонгуулийнхаа хуулийг өөрчлөх замаар Засгийн эрхийг авдаг болсон. Шударга сонгууль Монголд байхгүй. Бор халзан хонь байсан ч гарч байна. Тоогоо нэмэгдүүлнэ, албан тушаалаа нэмэгдүүлнэ, эрх мэдлээ нэмэгдүүлнэ. Мөнгө, тогтолцоо, сүлжээ хэрээс хэтэрлээ. Та нар хэтэрхий их бярдаж, хүчээр юм хийж байна. Үлдсэн хоёр суудлаа луйвардаад авлаа. Ингэж ардчилалыг мөхөөж болохгүй. Хүмүүсийн тоо хэрээс хэтэрсэн. Ажил хэрэг алга" гэлээ. 
 
Түүний асуултад СЕХ-ын дарга П.Дэлгэрнаран "УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал хураалтын ажил бүхэлдээ хуулийн дагуу явагдсан гэж СЕХ дүгнэсэн. Санал хураалтын явцад гарсан хэрэг зөрчлийг цаг тухайд нь шийдвэрлээд явсан" гэсэн юм. 
 
Харин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нэмэлт минутаа авч "Баялагтаа эзэн Монгол гэж У.Хүрэлсүх гарч ирчихээд ТЭРБУМ мод ярьдаг юу юм бэ? Хэдэн хүүхдээ яаж онд мэнд оруулах вэ, гэж бодож байхад гарч мод тарь. Солиорлоо юу? Тэр оффшорын мөнгөө оруулж ирээч. Оффшорын мөнгөөр Монголын төрийг худалдаж авч байгаа чинь нэг өдөр илэрнэ" хэмээн бухимдлаа илэрхийлээ. 

Н.Алтанхуяг: Оффшорын мөнгөөр Монголын төрийг худалдаж авч байгаа чинь нэг өдөр илэрнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0