Цэн. Эрдэнэбатын хуучир, симфони найрал хөгжмийн концерт

2021-11-30,   423

Цэн. Эрдэнэбатын хуучир, симфони найрал хөгжмийн концерт
Сүүлийн жилүүдэд манай хөгжмийн зохиолчид зэмсэгт хөгжмийн концертын төрөлд онцгой анхаарал хандуулах болсон нь хөгжмийн зохиолчдын бүтээл туурвилд энэхүү төрөл зүйл нь тоон үзүүлэлтээрээ симфони бүтээлүүдээс илүүтэй давамгайлах болсноор  батлагдаж байгаа юм. Концертын төрөл зүйлийн хувьд өнөө цагт ямар ч өөрчлөлтөд тэсвэртэй, онцгой нэгэн төрөл болж хувираад байгааг бид дотоод гадаадын олон хөгжмийн зохиолчдын бүтээл туурвилаас ажиглаж, сонсож болно. Утга, илэрхийллийн эрх чөлөөг концертын тогтсон ойлголттой хослуулах парадокс  шинж нь энэхүү төрөл зүйлийг бусдаас ялгаж, түүний зүй тогтлыг ойлгохыг шаарддаг. Хөгжмийн зохиолч Цэн.Эрдэнэбатын хувьд ч концертын төрөл нь зохиолчийн "эрэлч хайгуулч, бүтээлч, нээлттэй байдал, ертөнцийг ойлгох өргөн цар хүрээ, нэгдмэл синтез үзэл бодол, сэтгэлгээний өвөрмөц хандлага” зэрэг шинж чанаруудаар тодорхойлогддог хэв маягийн үндсэн шинж чанаруудыг төвлөрүүлж, уран бүтээлийнх тэргүүлэх жанруудын нэг болоод байгааг бид сайн мэдэх билээ. Түүний тухай тэрбээр яг л ярьж байгаа мэт, амьсгалж байгаа мэт туурвин, зохиол бүтээлийнх нь аялгуу, аялгын зохион байгуулалт нь өөрөө л цаанаасаа ундран төрж, хэлбэр бүтэц нь өөрөө урган бүрэлдэх мэт санагддаг гэж хэлж болмоор.  
Хөгжмийн зохиолчийн энэ жилийн “Алтан намар” наадамд сойсон хуучир, найрал хөгжимд зориулсан концерт (2021) нь чухам дээрх шинжүүдийг бүрнээ агуулсан, хөгжмийн уран бүтээлчдийн урын санд бас нэгэн баттай байрыг эзлэх бүтээл болжээ. Үндэсний гэж хэлж болох тэр л үзэл санааг дэлхийн соёлын орчинд сурталчлах чиг хандлага манай орчин үеийн хөгжмийн зохиолчдын бүтээлээс тод харагдаж, зохиол бүтээлдээ ардын дуу хөгжмөөс сэдэвлэн хөгжүүлэх, хөгжимдүүрийн дуугаралт тембр, хөгжимдөх арга барилын онцлогийг тусгасан байх нь элбэг. Тэгвэл уг бүтээлд шууд ардын дуу хөгжмөөс эшлэн авсан зүйл байхгүй боловч монгол дуу хөгжмийн үндсэнд байх төрөл зүйл,  аялга дуурьслын онцлогийг өрнө дахины эгшиг сэтгэлгээний арга барилтай уялдуулсан хэмнэлийн онцгой эрч хүч, аялгууны уянга төгс байдал нь хамтдаа өвөрмөц нэгдлийг бий болгож, зохиолын хэв шинжийг тодорхойлсон байна. 
Хөгжмийн зохиолч Эрдэнэбатын хувьд концертын төрлийн загварыг орчин цагийн олон хөгжмийн зохиолчдын нэг адил хөдөлгөөнгүй, нэг хэвийн зүйл биш, харин ч уян хатан, тодорхой үзэл баримтлал, агуулга санааны нөлөөн дор өөрчлөгдөх чадвартай, боломжтой төрөл гэж ойлгодог нь /зэмсэгт хөгжмийн олон концертуудаас нь ажиглагддаг/ энэхүү бүтээлд тусгалаа олсон байна.  Хөгжмийн зэмсгийн концертын төрлөөр бичигдсэн зохиол болгондоо зохиолч уг төрлийг тайлбарлалыг  өөрийн онцлог хандлагаар тодорхойлон таниулдаг. Зарим тохиолдолд энэ нь бусад төрлүүдтэй синтезлэх маягаар хийгдэх нь бий. Хөгжмийн зохиолч өөрийн санаа сэдэл, зохиолын сэдэвчилсэн материал, өөрийн стиль хэв маягийн онцлог шинж чанаруудаар дамжуулан тухайн төрлүүдийн уламжлалт шинж чанарыг тусган, тэдгээрийг нэгтгэн уран сайхны хувьд сонирхолтой үр дүнд хүрдэг болох нь ойлгомжтой. Чухам энэ онцлогийг тухайн концертоос харж болмоор санагдаж байгаа юм. Дундаа гоцлолын каденцыг агуулсан өөр хоорондоо утга уянга – бүжиг - татлага аяз - ардын дуу гээд монгол дуу хөгжмийн бүхий л хэв шинжийг тусган тодруулсан төрхтэй, тодорхой хөгжүүлэг, ялгарамж бүхий хэсгүүдээс бүрдэх сонатын зарчмыг ерөнхийд нь баримталсан нэг ангит энэхүү концерт нь уран сайхны олон талт шийдэл, төрөл зүйлийн индивидуал тайлбарлал, найралжуулгын өвөрмөц байдлаараа концерт – чуулбар хэмээх утганд дүйж ч болохоор ажээ.
Хүснэгт 1. Концертын ерөнхий бүтэц 
No description available.
 
Хөгжмийн зохиолч Эрдэнэбатын бүтээлч байдлын онцлог шинж чанар нь чөлөөт зохиомж, тооцоолж бус харин аяндаа урган гарсан шинжид оршин байдаг. Бүтээлийг хөгжүүлэхэд сонирхол татахуйц, урьдчилан таамаглах аргагүй байдал чухал гэдгийг хөгжмийн зохиолч өөрөө хүлээн зөвшөөрдөг. Тэрээр зэмсэгт хөгжмийн, тэр дундаа концертын төрлийн зохиолуудаа "хатуу тогтсон хэв загвар"-т оруулах, хайрцаглах дургүй байдаг нь ямар ч агуулга, ямар ч үгнээс илүүтэй гүн гүнзгий тэр л  “цэвэр хөгжим” -г туурвих ёстой гэж үздэгтэй нь холбоотой мэт. Тэр ч утгаар энэ концертын мөн чанар нь ямар нэгэн тодорхой хөтөлбөрийг илэрхийлээгүй ч хөгжмийн драматизм, хэлбэр бүтэц, зохирлын хэвшмэл бус шийдлүүд, сэдвийн хөгжлийн бүтээлч, үүнтэй зэрэгцэх товч томруун, ойлгомжтой эрэлхийлэл, сэтгэл зүйн болоод өнгө дуурьслын онцгой шинж чанарын илрэл болсон илэрхийллийн чухал хэрэгсэл болох хэмнэл болоод тембрийн тайлбарлалд нь оршиж байгаа юм. 
Мөн энэхүү бүтээлийн нэг чухал онцлог нь гоцлол хөгжмийн зэмсэг болоод найрал хөгжмийн бүлгүүд хоорондын идэвхтэй харилцал бөгөөд зохиолыг нэг ёсондоо гоцлооч болон найрал хөгжмийн өрсөлдөөний зарчимд бус тэдний харилцан тэнцвэртэй байдалд тулгуурласан хөгжмийн жинхэнэ хоршил гэж болно. Хөгжмийн зохиолчийн эл бүтээлийн найрал хөгжмийн илэрхийлэл, олон янз байдал нь сонирхол татам, тэдний дуугаралт, өнгө будгийн нөлөөг сонсогчид анзаарахгүй өнгөрөхийн аргагүй. Хөгжмийн зэмсэгжүүлэлт, найралжуулгын янз бүрийн шийдлийн нөхцөлд гоцлол хөгжимдүүртэй харьцах эрчимтэй харилцаа холбоо гэж ойлгогдох зарчимд гол анхаарлыг хандуулж туурвисан энэ концертод найрал хөгжмийн хувийн хэмнэлийн зураглал, тембрийн дүрслэл чухал үүрэгтэй байгаа ба тэдгээрийн харилцан үйлчлэл нь зэмсгийн театрын ул мөрийг агуулсан байна. Концертын удирдбар /партитур/ нь тухайн зохиолд оролцож буй бүх л хөгжмийн зэмсгүүдийн дуугаралт, хөгжимдөх техник, аргын жинхэнэ нэвтэрхий толь гэмээр. Зохиолч энд найрал хөгжмийн бүрэн бүрэлдэхүүнийг ашигласан хэдий ч нүсэр биш, ерөнхийдээ цэвэр тунгалаг сонсогдохоор туурвижээ. Зохиолын найралжуулгад гүйцэтгэлийн техник, штрих, тембр дуугаралтын олон янзын хэв маяг, “p”-ээс “f” хүртэл голдуу аяар дуугаралт давамгайлсан динамикийн илэрхийллээр баяжигдсан хөгжмийн бүлэг зэмсгүүдийн зохицол гол эффектийг бүрдүүлж, өнгө будгийн тоглолтыг бий болгож байна. Энд орон зайг "эзлэн", аялгуун оргилд хүрэх нь чухал биш ажээ.
Концертын хэсэг бүрт өөрийн онцлогт тулгуурласан сэдэв аялгууны цогц оршдог бөгөөд энэ нь хэмнэл аялгын илэрхийллээрээ хөгжмийн текст, утгын тодорхой хүрээг бий болгож байна. Хөгжмийн зохиолч энэхүү цогцуудын харилцан үйлчлэл, байршлын солигдол, өөрчлөлтийг ашиглан дүрслэл зураглалын агуулгыг тодорхойлон хөгжүүлж байгаа юм. 
Найрал хөгжимд эгшиглэх  дээш өгсөн тэмүүлсэн шинжтэй эхлэл хэсэгт зохиолын үндсэн сэдлийг таниулах бөгөөд энэ нь тодорхой хэсгүүдэд яг тэр чигээр давтагдахгүй ч ялангуяа найрал хөгжмийн хэмнэл, дуурьслын үндсэн цөм болох ажээ. Энд зохиолч аялгуун хөгжүүлэг, мөшгөлийн аргаар хөг хэлбийлт хийх нь найрал хөгжмийн дуурьслын өнгө аясыг баялаг болгож байна. 
1-р цифрээс эхлэх чавхдаст хөгжмийн /босоо ятга, чавхдаст хөгжмийн бүл зэмсгүүд/ жигд давалгаалан урсах фон дээр хуучир хөгжмийн хувьд эгшиглэх уянгын илэрхийлэлтэй Таниулга хэсгийн гол аялгуу маш уран тансаг сонсогдоно. 
No description available.
 
Ноотны жишээ 1. Таниулга хэсгийн гол сэдэв аялгуу / хуучрын хувь – уянгын төрхөт /
 
Энэ л аялгуугаа наймц дээр дахин давтахдаа /3 цифр/ мажор-минорын хам эгшгийн (ялангуяа гуравцын харьцаат – медиантад тулгуурласан b VI өргийн  хам эгшиг) үйлдлийн хувьд тийм ч тодорхой биш боловч өнгөлөг дуурьслыг ашиглан үндсэн соль мажорын дэвсгэр хөгөөс /G dur/ соль бемоль мажорын /Ges dur/ дэвсгэр хөгт шилжих аргыг хэрэглэсэн нь мөн л дуурьслын өнгө будгийн баяжилтыг эрэлхийлсний илрэл бизээ. Хэсгийн төгсгөлд эхлэлийн материалаа давтах нь удаах хэсгийн оршил мэт сэтгэгдлийг төрүүлэн холбоосын үүрэг гүйцэтгэнэ.  
Залган хөгжих Туслах сэдэв аялгуу /В/ буюу хурдан цоглог /Presto – 7-12 цифр/ хэсэг өмнөх гол аялгууны уянгын хэсэгтэй хурц тод ялгарамжийг бий болгох ажээ. Соль минорт эгшиглэх 5/4 холимог хэмжээнд бичигдсэн 16-тын зураглал давамгайлсан хэмнэлийн бүтэц уг хэсгийн бүжгийн өнгө аясыг тодотгож өгнө. Гэхдээ энд монгол хөгжимд уламжлал болсон наймт + 2 арванзургаат бус харин эсрэгээрээ 2 арванзургаат + наймтын   хэмнэлийг түлхүү ашиглан, тэрхүү аялгуугаа чалхын /регистр/ харьцаагаар давтан ялгарамж үүсгэхийн зэрэгцээ  найрал хөгжим болоод гоцлолын хөг сэтгэлгээнд нийлэл эгшиглэгээний /g moll – as moll/ эффектийг оруулан мөн л ялгарамж үүсгэсэн нь дуурьслын содон шийдэл болжээ.
Энд мөн найрал хөгжмийн хувьд янз бүрийн зэмсгүүдийн бүлэгт хөг сэлгэн давтагдах 5/4 хэмжээн дэх татлага аязын өргөлтөт хэмнэлийг санагдуулам хэв барилын /фактура/ онцлогийг дурдах хэрэгтэй. Ихэнх хөгжмийн зохиолчид хэмнэлийн шийдлийн ийм үүргийг гоцлон хөгжимдөж буй хөгжимчиндөө оноодог бол Эрдэнэбат зохиолчийн хувьд найрал хөгжмийн бүрэлдхүүн дэх зэмсгүүдийн боломж бололцоог харгалзан, аль болох эвтэйхэн байх зохимжит найралжуулгын шийдлийг олж, хэмийн хувийг өөр зэмсгүүдэд хуваарилах зэргээр бичлэгийн онцгой хэв барилыг ашиглан найралдаа оноодог нь ийнхүү тусгалаа олж, сонирхолтой болгожээ.  
No description available.
 
Ноотны жишээ 2. Таниулга  хэсгийн туслах сэдэв аялгуу / удирдбар – бүжгийн төрхөт /
Мөн хэсгийн төгсгөлд хуучрын хувьд /12 цифр/ туслах сэдэв аялгууг хэмнэлийн хувьд баяжуулан үндсэн дэвсгэр хөгөө бататган төгсгөл болгон давтаад Өрнөл хэсэг рүү залгана.  
13 цифрээс эхлэх Өрнөл хэсэгт гол аялгууг туслах аялгуун найрал хөгжмийн хамсраан дэвсгэр дээр татан сунгасан хэлбэрээр Es dur-т мөн л нийлэл эгшиглэнгийн дуурьслын нөлөөг ашиглан дараагийн С хэмээн томъёолж болох шинэлэг өнгө төрхтэй хэсэгтэй холбон оруулж өгсөн байх нь өвөрмөц сонсогдоно. 
Энэ хэсгийн /14 - 16 цифр/ илэрхийлэл, ялангуяа найрал хөгжмийн хувь (найрал хөгжим дэх зэмсэгжүүлэлт, тембрийн солигдлын шийдлийг үл харгалзан) өмнөх таниулга хэсгийн туслах аялгууны загвартай адил байгаа ч чухам С хэмээж буйгийн учир нь гоцлол хөгжимчний хувь /парти/ тоглолтын техник, штрихийн хувьд баруун монголчуудын татлага аялгын өнгө төрхийг өөрийн эрхгүй санагдуулж байгаатай холбоотой юм. 
 
 
No description available.
Ноотны жишээ 3. Өрнөл хэсгийн С сэдэв аялгуу / хуучрын хувь – татлагын төрхөт/
Татлагын хэмнэл, өнгө аясыг илтгэх гоцлолын оноолт ийм хэсгийг шигтгэж өгсөн нь зохиолыг аялгын хувьд баяжуулаад зогсохгүй концертын уран сайхны чиг үүрэг нь хөгжимчин-гүйцэтгэгчийн бүтээлч авьяас, ур чадвар, сэтгэлгээний хэв хандлагыг олон нийтэд харуулахыг шаарддаг гэдэг утгаар хөгжимчинд нумын техникийн ур чадвараа харуулах өргөн боломжийг олгож байна. Харин өрнөл хэсгийн найрал хөгжмийн хувийг таниулга хэсгийн туслах сэдвийн хэсэгтэй ойролцоо байхаар шийдсэн нь татлага өөрөө олон ястны түүх, ахуй, уламжлал, соёл, дуу хөгжим, тоглоом наадам зэргийг өргөн утгаар нь өөртөө багтааж байдаг онцлогтой бүжгийн урлаг болох бий биелэгийн салшгүй нэгэн цогц гэдэгтэй уялдуулан, өмнөх бүжгийн өнгө аястай сэдэвтэй шууд холбон хөгжүүлсэн байна. Энэ хэсэгтээ мөн л урьдын адил нийлэл эгшиглэгээний /f moll – ges moll/ ялгарамжийг гоцлол, найрал хөгжмийн хувьд оруулж, дуурьслын өнгө будгийг баяжуулжээ. 
Найрал хөгжмийн tutti-ээр илрэх зохиолын ерөнхий оргил нь  17 цифрт тохиох бөгөөд энэ нь дараах D хэсэгтэй / Larghetto = 55 18 цифр/ холбох бас нэгэн холбоосын үүргийг гүйцэтгэнэ. 
 
No description available.
 
Ноотны жишээ 4. Өрнөл хэсгийн D хэсгийн сэдэв аялгуу / хуучрын хувь  -  дуун төрхөт/
D хэсгийн хувьд өмнөх хэсгүүдээс дууны төрх шинжийг агуулсан хэмнэлийн зураглал, аялгуун илэрхийллээрээ мөн л эрс ялгагдах ба гэнэтийн зарчмыг ашигласан хөг шилжилт /a - b moll/, хуучрын гол аялгууг найрал хөгжмийн хувьд /партид/ нэмэлт эгшгээр баяжсан дараалсан септаккордуудын дуурьслаар, мөн найрал хөгжимд эгшиглэх таван эгшигтийн эгшиглэгээгээр илрэх гол аялгууг аажим өгссөн хроматик  дуурьслаар эсрэгцүүлэн  хамсарсан зэрэг нь сонорикийн онцгой нөлөөг үзүүлж байна.  Энэ хэсгийн илэрхийлэлд зохиолч олон хоолойн контрапунктийн  харалдаа зохиомжийн арга зарчмыг ашигласан нь энэ зохиолыг гоцлол хөгжимдүүр болоод найрал хөгжмийн хоршил гэдэг тэр л тодорхойлолтод нийцэж, тодруулж өгч байгаа юм.   
 
No description available.
 
Ноотны жишээ 5. D хэсгийн зохиомжийн гол зарчим /Хуучир болоод Чавхдаст хөгжмийн бүлэг /
Мөн хэсэгт зохиолч гоцлол хуучрын хувьд хөгжимдөх арга техникийн сонирхолтой илэрхийлэл болох нумаар хөгжимдөхтэй зэрэгцэн хуруугаар pizz. хийх, найрал хөгжмийн чавхдаст зэмсгүүдийн нум, pizz.,  нумны модоор чавхдасыг цохих col legno гээд олон аргуудыг ээлжлэн сэлгэж, зэмсгийн тембр дуугаралтын бас нэгэн эффектийг эрэлхийлсэн нь содон сонсогдох ажээ.
Гоцлол хөгжимчний ур чадварын тод илрэл болсон холын үсрэлтүүд, давхар эгшгийн нумын техникийг шаардсан эхний хэсгийн материалд тулгуурласан хэмнэлийн чөлөөт сэтгэлгээгээр хөгжимдөх бэсрэг каденцийн араас  давтал  хэсэг залгана. Энд өмнөх хэсгүүдийг хураангуйлан, заримыг зэрэгцүүлэн эсрэгцүүлж давтахдаа /тухайлбал Таниулга хэсгийн туслах болоод гол аялгуун сэдлийг 29 цифрт/ хэсэг тус бүрийн гол аялгуунд хэмнэл, зохирол (гармони) болоод штрих илэрхийллийн хувирган өөрчлөх аргыг хэрэглэн сэдвийн материалыг баяжуулж, нийлэл эгшиглэгээний зарчмыг мөн л ашиглан баялаг өнгө будагтай дуугаралтыг бий болгожээ. Зохиолын төгсгөлд Өрнөл хэсгийн C болон D хэсгийн аялгуун илэрхийллээс товчлон хэсэгчилж, аанай л эсрэгцүүлэн олон хоолойн хэв маягаар давтсанаар өмнөх оргилсон эрч хүчийг сулруулан, чавхдаст хөгжмийн зэмсгийн трель /жиргүүлэг/ чимэглэнгийн цуурайллын эффект, bVI өргийн  хам эгшгийн хаашаа ч хэлбийж болох онцлог дуурьсал,  вибрафон хөгжмийн зэмсгийн нууцлаг өнгө аясын тусламжтайгаар аажмаар алсран холдох мэт сэтгэгдлийг төрүүлж,  зохиолынхоо "код”-г тайлах эрх чөлөөг зөвхөн сонсогчдодоо, тэдний мэдрэмж, сонсол, туршлагад тулгуурлан олгож байгаа нь сонирхол татам нөлөөг үзүүлж байна.
Дээрх бүхнээс үзвэл энэхүү концерт нь  ардын амьдрал ахуйтай нягт холбоотой дуу хөгжмийн үндэстэй, уран дүрслэл, дуурьсал дуугаралтын баялаг өнгө будаг, өвөрмөц зохион байгуулалттай, сэтгэлзүйн гэнэтийн болон сэтгэл татам шинжүүдийг агуулсан, мэдрэмж, сэтгэлгээний илэрхийллээрээ хөгжимчдөөс зохиолын боловсруулалтыг шаардсан, ур чадвар, сэтгэлгээний өсөлт дэвшилд нь тодорхой өгөөжтэй олон талын ач холбогдолтой туурвил болж чаджээ.
Хөгжим судлаач ...................................... Х.Ариунаа
 
 
 

 


Цэн. Эрдэнэбатын хуучир, симфони найрал хөгжмийн концерт
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ