Б.Жавхлан: Оросоос орж ирсэн ачаа тээврийн гадаргуугаас Ковид илэрсэн учраас Хятадын тал төмөр замын боомтоо хаасан

2021-11-30,   397

Өмнөд Африкаас гаралтай коронавирусийн Омикрон хувилбар зарим улс оронд бүртгэгдсэнтэй холбоотой Эрээн хотын төмөр замын боомтоор бүх төрлийн бараа, бүтээгдэхүүний нэвтрүүлэхийг хориглосон байна. Тэгвэл уг асуудлаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.
 
Тэрбээр “Урд хөршид үүссэн шинэ нөхцөл байдалтай холбоотой түр ийм зохицуулалт хийхээс өөр аргагүй боллоо гэдгээ бидэнд мэдэгдсэн. Хятадад үүссэн нөхцөл байдал хурдан хэвийн болоосой гэж бид хүлээж, өдөр болгон холбогдож байна. Хоёр хоногийн өмнө Хятадын тал төмөр замаа хаахгүй байя, харин ачаа тээвэр, зам тээврээ түр хугацаанд түр хаая гэсэн байдалтай байсан.
 
Гэвч өчигдөр төмөр замаа мөн хаах шаардлагатай болсон гэдгээ мэдэгдлээ. Ямар ч байсан энэ долоо хоногт ийм байдал үргэлжлэх нь байна. Сүүлийн 10 гаруй хоногт Хятадын хойд хэсэг, Өвөр Монголын нутгаар халдвар нэлээдгүй бүртгэгдсэн учраас ийм шийдвэр гаргасан.
 
Гашуунсухайт боомтод нөхцөл байдал арай дээр байгаа. Тээвэр бүрэн зогсчхоогүй байна. Өнгөрсөн даваа гарагт бид 700 машинаар нүүрс урагшаа гаргахаар төлөвлөсөн байсан. Харамсалтай нь шинэ гэнэтийн байдал үүсэж 350 дээр “буулаа”. Маргаашаас 250 болгоё гэж байна. Манайхаас Хятад руу нүүрс тээвэрлэхэд чингэлэг тээвэр харьцангуй бага, гуравны хоёрыг нь задгай тэвшээр тээвэрлэдэг байсан. Харин одоо урдаас тавьж буй шаардлагын дагуу чингэлэг тээвэрт бүрэн шилжих нь.
 
Манжуураар дамжин Оросоос орж ирсэн ачаа тээврийн гадаргуугаас коронавирус илэрч, зөвхөн манайх гэлтгүй Оросын хойд бүх боомт дээр арга хэмжээ авч эхэлсэн. Тиймээс ер нь цаашдаа аль болох битүү чингэлгээр ачаагаа авъя гэдэг бодлого руу шилжиж байгаа юм байна” гэв.
 

Б.Жавхлан: Оросоос орж ирсэн ачаа тээврийн гадаргуугаас Ковид илэрсэн учраас Хятадын тал төмөр замын боомтоо хаасан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ