Монгол банк 78 сая төгрөгөөр ариун цэврийн өрөөгөө цэвэрлүүлж, 59,9 сая төгрөгөөр буйдан эд хогшил худалдаж авчээ

2021-03-17,   416

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын эсрэг ажиллаж байгаа байгууллагаас бусад улсын болон төрийн өмчийн оролцоотой байгууллага, аж ахуйн нэгжийг он дуустал хэмнэлтийн горимд шилжиж ажиллахыг үүрэг болгосон. Энэ дагуу төрийн байгууллагуудын үр ашиггүй зардлыг бууруулж, тэвчихтэй холбоотой хэд хэдэн шийдвэр гаргасны нэг нь аж ахуй нэгжүүд он дуустал шинээр автомашин, албан тасалгааны тавилга худалдаж авахгүй байх тухай шийдвэр юм.
 
Гэтэл 300 сая төгрөгөөр фитнесийн цогц төхөөрөмж худалдаж авах тендер зарлаж шуугиан тарьсан Б.Лхагвасүрэн захиралтай Монгол банк уг шийдвэрийн эсрэг гэж хэлж болохуйц хэд хэдэн худалдан авалтыг оны өмнө болон он гарснаас хойш хийсэн байна.
 
Тодруулбал, тус банк 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 45 сая төгрөгөөр Анун ХХК-аас тавилга эд хогшил, 2021 оны 1 нэгдүгээр сарын 8-ний өдөр Люкс Таун ХХК-аас 14.9 сая төгрөгөөр буйдан худалдаж авсан тухайгаа шилэн дансандаа мэдээлжээ.
 
Энэ бүхнээс хамгийн хачирхалтай нь Монгол банк бусдаар ариун цэврийн өрөөгөө цэвэрлүүлэх үйлчилгээ авсан тухай баримт юм. Тодруулбал тэд үл хөдлөх хөрөнгийн менежмент, цэвэрлэгээ үйлчилгээний чиглэлд үйл ажиллагаа явуулдаг Ньюком Проперти ХХК-тай хоёр удаа гэрээ байгуулж 78 сая төгрөгийг ариун цэврийн зардал зардалд зарцуулжээ.
 
Тухайлбал, Монголбанк уг үйлчилгээтэй холбоотой эхний гүйлгээ болох нь 39 сая 392 мянган төгрөгийг 2020 оны  12 дугаар сарын 04-ний өдөр МБ-с 0220/1054 гэрээний төлбөр шилжүүлэв. /2020.10.29-11.29/ гэх утгатайгаар,  удаах гүйлгээ болох 39 сая 392 мянган төгрөгийг 2021 оны 1 дүгээр сарын 26-ний өдөр МБ-с 0220/1094 тоот гэрээний төлбөр шилжүүлэв.(2021.01 сар) гэх утгатайгаар Ньюком Проперти ХХК-руу  тус тус шилжүүлжээ.
 
Дээрх шилжүүлгүүдийн утгаас харвал Монгол банк нь зөвхөн нэг сардаа 39 сая төгрөгийн цэвэрлэгээ үйлчилгээг хувийн байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлж үр ашиггүй зардал гаргадаг болох нь тодорхой байна. 

Монгол банк 78 сая төгрөгөөр ариун цэврийн өрөөгөө цэвэрлүүлж, 59,9 сая төгрөгөөр буйдан эд хогшил худалдаж авчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ