АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн С.Эрдэнэ мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн үйл ажиллагаа явагдаж өндөрлөлөө. СЕХ өнөөдөр эцсийн дүнгээ гаргаж, тогтоол гарсан байна. Миний хувьд 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж, оролцлоо. Сонгууль хуулийн хүрээнд үйл ажиллагаа явагдсан боловч, маш их хэмжээний зөрчил гарсан. Зөрчлийн болон эрүүгийн үйлдлүүд хийгдлээ. Маш их хэмжээний мөнгө тарааж, төрийн бүх шатны байгууллага албан тушаалтнуудыг сонгуулийн кампанит ажилд ТӨРИЙН АЛБЫГ ДАЙЧИЛЖ оролцууллаа. Сонгуулийн дүнг харахад эрх баригч нам зохион байгуулалттай, хуулийн бус хүрээнд шийдвэрлэх, зохицуулах үйл ажиллагааг явуулсан байх магадлал харагдаж байна. Энэ талаар АН судалгаа, хяналт шалгалтыг хийнэ.
СЕХ нэгэнт тогтоол шийдвэрээ гаргасан Монголын Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүхэд нэгэн зүйлийг чухалчлан захья. Монголын ард түмэнд амласан амлалтаа бүү мартаарай, хариуцлагатай ажиллаарай гэж хэлмээр байна.
Надад саналаа өгсөн олон мянган иргэдэдээ маш их баярлалаа. Би эцсийн мөч хүртлээ Монголын ардчиллын төлөө зүтгэх болно. Миний улс төрийн замнал, карьер дуусаагүй. Дуусаасай гэж хүсдэг хүмүүс байгаа ч тэдний хүслийг биелүүлэхгүй. АН-ын шинэ залуу даргаар М.Тулгатыг сонгосон. АН дандаа дардан яваагүй. Өмнө нь унаж явсан түүх бий. Залуу үе эрч хүчтэй, чадварлаг ажиллана гэж найдаж байна" гэлээ.
С.Эрдэнэ: Миний улс төрийн замнал, карьер дуусаагүй, дуусаасай гэж хүсдэг хүмүүс байгаа ч тэдний хүслийг биелүүлэхгүй |
|