Ё.БААТАРБИЛЭГ: ИРГЭДИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛ, ЭМ ТАРИА АВАХ ЗАРДЛУУД ЭМДС-ААС ТӨЛӨГДӨХ ЁСТОЙ

2021-06-29,   379

УИХ-ын чуулганы /2021.06.28/ өдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газаас 2021 оны 06-р сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийсэн.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг "Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 3 сая 192 мянган эрүүл мэндийн даатгал төлөгч. Үүн дотор төр хариуцдаг 16 хүртэл насны иргэд гэх мэт төр хариуцдаг тодорхой хувь байгаа. Сайн дураараа төлдөг хувь бас байгаа.
 
Эмчилгээнд хамрагдаж байгаа иргэдийн эмчилгээний зардал, эм тариа авах зардлууд эрүүл мэндийн даатгалын сангаас төлөгдөх ёстой. Яагаад гэвэл иргэд эрүүл мэндийн даатгал төлсөн. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад нь буцааж тэрийг зарцуулах ёстой мөнгө" гэв.
 
Тэрээр Эрүүл мэндийн сайдаас "Эрүүл мэндийн даатгалын сангаас ковидоор өвдсөн иргэдийн түргэвчилсэн шинжилгээнд хамрагдах боломж бүрдэх үү? ПСР-ын төлбөр төлөгдөх үү? 
 
700 гаруй тэрбум төгрөгний үлдэгдэлийг ковидоор өвчилсөн иргэдийн эмчилгээнд зарцуулах боломж оруулж байгаа юу? Ийм зүйлд зарцуулахгүй юунд хадгалаад байгаа юм бэ? гэх асуултыг асуулаа.
 
Эрүүл мэндийн сайд С.Энхболд: "Сангийн болон Эрүүл мэндийн сайдын 4-р сард гарсан тушаалаар  дархлаажуулалт, сорьц авах, КОВИД-19 батлагдсан өвчтөнүүдийн эмнэл зүйн үе шатаас хамаарч санхүүжилт олгох талаар тусгаж, журамд нэмэлт өөрчлөлт оруулснаар PCR шинжилгээ болон өрхийн 70 мянган төгрөгийн санхүүжилтийг 160 мянга болгон нэмж, тарифын шинэчлэлтүүдийг оруулж өгсөн. 
 
Мөн тухайн байгууллагуудад PCR шинжилгээ хийх тарифыг суулгасан. Хэрвээ хуулийн  үйлчлэх хугацаа сунгагдвал эрүүл мэндийн байгууллагууд болон анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж буй өрхийн эмнэлгүүд санхүүжилтээ авах бүрэн боломжтой. Үйлчлүүлж буй бүх хүмүүс хөнгөлөлтөд хамрагдаж болно" гэв.

Ё.БААТАРБИЛЭГ: ИРГЭДИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛ, ЭМ ТАРИА АВАХ ЗАРДЛУУД ЭМДС-ААС ТӨЛӨГДӨХ ЁСТОЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ