Сэтгэл судлаач, сэтгэл судлалын ухааны магистр У.Мэндбаяр ЛГБТ хүмүүсийн талаарх сэтгэл зүйн хос онол дэвшүүлжээ...

2022-04-13,   1505

Сэтгэл зүйч У.Мэндбаяр:  ЛГБТ сэтгэл зүйн онолууд бол нийгмийн амьдалын хэрэгцээ шаардлага, захиалгаар бүтсэн онол үзэл баримтлалууд юм.
Сэтгэл зүйч, сэтгэл судлалын ухааны магистр У.Мэндбаяртай ярилцлаа. Түүний дэвшүүлэн тавьж буй “ЛГБТ сэтгэл зүйн онолууд”-ын талаар хэсэг хором сонирхолтой яриаг өрнүүллээ.
Таны дэвшүүлж буй “ЛГБТ сэтгэл зүйн онолууд”-ын талаар ярилцлагаа эхлэе. Энэ талаар та манай уншигчдад тайлбарлаач.
Би өөрөө сэтгэл судлалын мэргэжлээр дагнан мэргэшиж буй хүн л дээ. Сэтгэл судлаач хүн бүрт өөр өөрийн гэсэн дагнасан судалгаа шинжилгээний ажлын чиглэл гэж байдаг. Харин миний хувьд бол ЛГБТ хүмүүсийн сэтгэл зүй болон Гэрээт харуул хамгаалалтын байгууллагын сэтгэл судлалаар нарийн мэргэших гээд зүтгэж яваа хүн. Миний дэвшүүлэн тавьж буй  “ЛГБТ сэтгэл зүйн онолууд” бол ЛГБТ хүмүүсийн талаарх сэтгэл зүйн цогц ойлголт төсөөллийг нийгэмд өгөхийг зорьсон онол саналууд юм. Энэхүү онол санал маань хоёр төрлийн онол үзэл баримтлалаас бүтнэ. Тухайлбал “ЛГБТ сэтгэл зүйн хэв шинжийн онол” маань микро түвшний асуудал болох хувь хүний сэтгэл зүйн давтагдашгүй онцлогийг факторчилсон тестийн аргаар судалж, үнэлэлт дүгнэлт өгөх боломжийг олгож байгаа бол “ЛГБТ сэтгэл зүйн бүтэц үүргийн онол” маань  ЛГБТ хүн бүрт сэтгэл зүйн тусламж дэмжлэг үзүүлэх зайлшгүй хэрэгцээ шаарлага байна. Үйлчилгээ хүргэхийн тулд нийгэмд зайлшгүй нэг институтыг байгуулах нэн шаардлагатай гэж үзээд байгаа. Өөрөөр хэлбэл ЛГБТ хүмүүсийн сэтгэл зүйн нийгэмлэгийг байгуулж, түүнд түшиглэн эрдэмтэдийн баг бүрдүүлэх мөн сэтгэл судлаач оюутан суралцагчдад дадлагын бааз байгуулах нь ямар ач холбогдолтойг ойлгуулахын зорьсон болно.
ЛГБТ хүмүүсийн талаар нийгэмд хүмүүс ямар ойлголт төсөөлөлтэй явдаг бол.
Ер нь Монголчууд ЛГБТ хүмүүсийг гаж донтой хүмүүс, өсвөр үеийнхэнд буруу үлгэр дуурайлал үзүүлдэг, тэднийг буруу зүйлд уруу татдаг гэх мэтээр ихэнх хүмүүс маш буруу ойлголт төсөөлөлтэй явдаг. Зарим мэргэжлийн хүмүүс нь харилцаанд хэрэглэгддэг нэр томьёогоо буруу зөрүү хэлж алдах тохиолдол цөөнгүй. Лесбиян гэж хэлэх гээд Лэсби гэдэг ч юмуу Гей гэх гэж байгаад гомо гэдэг ч юмуу. Анхан шатны ойлголт төсөөлөл байхгүйн харгайгаар бусад хүмүүст зөрөөтэй маш буруу ойлголтуудыг өгөөд байгаа юм шиг надад санагддаг. Хэрвээ би тэр хүний оронд байсан бол энэхүү асуудал яаж хүнд тусах вэ гэдгээ нарийн сайн тооцоолоогүй юм шиг жаахан хариуцлагагүй ханддаг.
ЛГБТ хүмүүсийн эрх нийгэмд хэр их зөрчигдөж бол? Хэрвээ зөрчигддөг бол ямар хэлбэрээр илэрдэг вэ?
ЛГБТ хүмүүсийн эрх нийгэмд тодорхой хэмжээгээр зөрчигдөж байгааг нуух юун. Тухайлбал үе тэнгийнхэндээ дээрэлхүүлэх, үг хэлээр гутаан доромжлуулах, гэр бүлдээ шоовдорлогдох үзэгдэл цаашдаа ихсэх хандлагатай байна. Магадгүй ирээдүйд амиа хорлох болон, амиа хорлохыг завдах үзэгдэл нийгэмд их  нэмэгдэх вий гэхээс айж түгшиж байна. Бид үүнд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй гэж судлаач миний хувьд үзэж байгаа юм. Асуудлыг үүссэн хойно биш, үүсэхээс нь өмнө урьтаж урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах нь илүү үр дүнтэй гэж бодож байна.
Та энэ чиглэлээр хичнээн жил ажиглалтын судалгаа хийв. Ямар ямар ном бүтээл гаргав.
Би энэхүү сэдвийг 2008 онд анх сонирхож эхэлсэн. Тэгээд 2016-2017 онд удаан хугацаанд бодож үзсэний үндсэн дээр тухайн сэдвийг барьж аван судалж, онол үзэл санааныхаа төсөөллийг бий болгох ажилдаа ханцуй шамлан орсон доо. Надад ном бүтээл гэхээр юм бол одоохондо байхгүй. “ЛГБТ сэтгэл зүйн онолууд”- аа багшлах эрхийн сертификат авах эрдмийн ажлаараа дамжуулж олон нийтэд танилцуулахыг зорьж судалгаа шинжилгээний ажил болгож бичсэн байгаа.
Таны дэвшүүлж буй үзэл баримтлал боловсруулагдаад цөөхөн жил болж байгаа юм байна. Таны онол үзэл баримтлал боловсруулагдаад дууссан уу? бүрэн төгс болсон гэж та үзэж байна уу? 
Миний дэвшүүлж буй онол баримлалууд төгс болоогүй түүхий байгаа. Үүнтэй би бүрэн дүүрэн санал нийлнэ. Гэхдээ ерөнхий араамийг нь босгочихсон засаж сайжруулах зүйлс тодорхой хэмжээгээр байгаа. Ирээдүйд магадгүй 20-30 жилийн дараа гэхэд олон нийтээр хүлээн зөвшөөрөгдөж чадахуйц онол үзэл баримтлал болно гэхэд миний хувьд огт эргэлзэхгүй байна. Нийгэм одоохондоо энэ сэдвийг сонирхохгүй, хаалттай байгаач магадгүй 5-10 жилийн дараа нийгмийн хамгийн том тулгамдсан асуудал болж хүн бүхний мэтгэлцээний сэдэв болно байх гэж миний урьдчилсан төсөөллөөр бууж байна. 
ЛГБТ юу гэсэн үгний товчлол вэ? Түүний талаарх түүхэн хөгжил, сэтгэл зүйн шинжлэх ухаантай хэрхэн яаж холбогдсон талаар товчхон мэдээлэл өгөөч
ЛГБТ гэдэг үг нь Лесбиян, Гей, Бисексуал, Трансжендэр гэсэн үгний товчлол юм. ЛГБТ хүмүүсийн талаар Сэтгэл зүйн шинжлэх ухаанд 1990 оноос  хойш судалгаа хийгдэж эхэлсэн байдаг. 1990 он хүртэл дэлхий нийтээрээ ЛГБТ хүмүүсийг сэтгэцийн өвчтэй гэсэн ойлголт төсөөлөлтэй явж ирсэн бөгөөд тэдгээр хүмүүсийг гагцхүү биологийн онол болон нийгмийн онолуудаар онцлог шинж тухайлбал ген хромсом, нийгмийн даган дуурайлт гэх мэтээр тайлбарлаж байгаа юм. Харин сэтгэл зүйн шинжлэх ухаанд 1840-өөд оны үед “Гомосексуал” гэдэг нэр томьёог Карл Хайнрих Ульрах гэдэг Герман эрдэмтэн оруулж ирсэн гэдэг. 1973 онд Америкийн сэтгэл зүйчдийн холбоо ЛГБТ хүмүүсийн бэлгийн чиг баримжааг өөрчлөх боломжгүй төрөлхийн юм байна гэдэг нэгдсэн дүгнэлтэнд хүрсэн байдаг. 1990 онд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага энэхүү ижил хүйстэндээ татагдах байдлыг сэтгэцийн өвчин биш гэдгийг тогтоосон бөгөөд олон улсын өвчний жагсаалтаас хассан байдаг. Мөн сүүн тэжээлтэй амьтны аймагт ижил хүйстэндээ татагдах үзэгдэл байгааг шинжлэх ухаанаар нотолчихлоо шүү дээ.
ЛГБТ хүмүүс Монгол улсад хэр их байдаг бол, цаашид хэр олшрох бол, энэ нь үндэсний аюулгүй байдалд ямар нэг байдлаар заналхийлэх хэмжээнд хүрэх үү? Таны бодлоор. 
Олон улсын жишиг хэмжээгээр бол аливаа нийгмийн хүн амын 10 хувийг эзэлдэг гэж үздэг юм билээ. Монгол улсын хэмжээнд авч үзэх юм бол 3 сая 200 мянган хүний 10 хувь нь 320 мянган хүн юм. Хүн ам цөөнтэй манайх шиг оронд бол бас чамлахааргүй их тоо шүү. ЛГБТ хүмүүс цаашдаа ч олшрох болно. Бид нийгмийн эргэлзээг тайлах ёстой. Генийн бус бүтээгдэхүүн болон нийгмийн даган дуурайлт өсвөр насны хүүхдүүдийг  ЛГБТ хүн болон төлөвшихөд мөн бэлгийн чиг баримжаа нь өөрчлөгдөхөд нөлөөлж байна уу? аль эсвэл үгүй юу гэдэгт заавал хариулт өгөх хэрэгтэй. Манай улсын хувьд  ЛГБТ хүмүүсийг нийгмийн дийлэнх масс нь хүлээн зөвшөөрөх битгий хэл жигшин зэвүүцдэг. Яахав энэ нь хүн амын өсөлт хөгжилтөнд маш сөргөөр нөлөөлөх асуудал гэдэг талаас нь хараад ийм хандлага байгаа байх. Үүнийг ч шууд буруутгах аргагүй. Гэхдээ бид нэг тогтсон хандлага, догматик байдлаасаа ер нь салах хэрэгтэй. ЛГБТ хүмүүс бий болоход нийгмийн даган дуурайлт шууд дам нөлөө үзүүлж байгаа эсэхэд нягт судалгаа шинжилгээ хийх л хэрэгтэй. 
Таныг ЛГБТ хүмүүсийн талаар яриад эхлэхээр нийгмээс маш их шүүмжлэл, гутаан доромжлол ирнэ гэдгээс та айхгүй байна уу? 
Надад үүнээс айгаад байх шаардлага байхгүй. Магадгүй янз бүрээр зэмлэж шүүмжлэхийг үгүйсгэхгүй. Би сэтгэл судлаач мэргэжилтэн хүн учраас тэдгээр хүмүүст хүн гэдэг утгаар нь харьцаж, сурч мэдсэн зүйлээрээ сэтгэл зүйн анхан шатны тусламж дэмжлэг өгөхийг зорьж яваа хүн. Магадгүй олон жилийн дараа миний ойр тойрны таньдаг хүний, найз нөхдийн хүүхдүүд хэрвээ ийм байдалтай нүүр тулгарвал би хэрхэн яаж тэдэнд туслах вэ? Эдгээр хүүхдүүд яг ЛГБТ хүн мөн үү биш үү? Бэлгийн чиг баримжаа нь өөрчлөгдөхөд  тэдэнд юу нөлөөлсөн бэ? Үүнийг өөрчлөх боломжтой юу гэх мэт олон янзын асуултууд урган гарах нь дамжиггүй. Харин тэр үед би энэ талаар чамгүй судалгаа шинжилгээ хийж чадвал тэдэнд гарах гарцыг бага атугай ч зааж чиглүүлж өгөхөд миний сэтгэл судлаач болсны, ЛГБТ сэтгэл зүйн онол үзэл баримтлал дэвшүүлсний хэрэг гарах байх гэж найдаж байна. 
Та цаашдаа өөрийнхөө эрдмийн зэргээ ахиулах уу?  ЛГБТ сэтгэл зүйн онол үзэл баримтлалаараа дессартаци бичиж, докторын зэрэг хамгаалах бодол  танд байгаа юу? Хэрвээ нууц биш бол 
Надад тийм бодол байхын хувьд байгаа. Өөрийн гэсэн хийсэн бүтээсэн зүйлээр, шинэлэг зүйлээр докторын зэргээ хамгаална гэж боддог. Хаяа бас жаахан эргэлзэх юм. Гэрээт харуул хамгаалалтын байгууллагын сэтгэл судлалаар цаашаа илүү дагнаад дессартаци бичээд хамгаалдаг ч юмуу гэдэг бодол хаяа бас төрөх юм. Би ч уг нь Монголын анхны гэрээт харуул хамгаалалтын байгууллагын сэтгэл судлаач хүн шүү дээ. Гэхдээ өөрийн дэвшүүлж буй онол үзэл баримтлалаа илүү сайжруулж боловсронгуй болгоод докторын зэрэг хамгаалвал арай илүү бодьтой үр дүнд хүрч магадгүй сэтгэл судлалын шинжлэх ухаанд бага атугай ч өөрийн хувь нэмрээ оруулахыг хүсч зорьж явдаг юмаа. 
Таны судалгаа шинжилгээний ажлын онцлог бусад судлаачдаас юугаараа ялгаатай вэ? 
Миний судалгаа шинжилгээний ажил бусад судлаачдыг бодвол нийгэмд тулгамдсан асуудлыг өнөөдөр биш юмаа гэхэд ирээдүйд учирч болох саад бэрхшээлтэй асуудлыг олж хараад түүнийхээ гогцооноос барьж аваад судалдаг гэж ойлгож болно. Хүмүүсийн судалсан сэдвийг улиг болтол дахин дахин судалж байснаас хүмүүсийн судлаагүй, олж хараагүй асуудлыг хөндөж, олон нийтийн анхаарлыг хандуулахад миний судалгаа шинжилгээний ажлын гол онцлог оршиж байгаа юм. 
Танай сэтгэл судлалын салбарт олон том доктор профессор хүмүүс их байдаг байх. Тэдгээр хүмүүс өөрсдийн онол үзэл баримтлалыг гаргаж ирээгүй байхад та онол үзэл баримтлал дэвшүүллээ гэхэд мэргэжил нэгтнүүдээсээ шүүмж зэмлэл хүртэхээс та айхгүй байна уу?
Мэдээж айлгүй яахав. Том алдас болох зүйл ярьж байгааг үгүйсгэх аргагүй. Гэхдээ Монгол хүн сэтгэж чаддаг, онол үзэл баримтлал дэвшүүлэх оюуны потенциалтай хүмүүс байдаг шүү гэдгийг харуулахыг эрмэлзсэн. Би онолч эрдэмтэн болно гэсэн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөөд түүнийгээ амьдралынхаа зорилго тэмүүлэл болгоод явж байна. Энэ завшааныг ашиглаад надад мэргэжлийн хичээл зааж байсан үе үеийн эрдэмтэн доктор, профессор багш нартаа маш их талархаж явдаг шүү гэж хэлмээр байна. Мөн том толгойлсон явдал гаргасан бол та бүгдээсээ гүнээ хүлцэл өчье гэж хэлмээр байна. 
Нэгэн үдэш сонирхолтой яриа өрнүүлсэн танд маш их баярлалаа. Таны цаашдын судалгаа шинжилгээний ажил болон нийгмийг соён гэгээрүүлэх оюуны их үйлс тань өндөр амжилт хүсье.
Танд болон танай редакцийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. 
 

Сэтгэл судлаач, сэтгэл судлалын ухааны магистр У.Мэндбаяр ЛГБТ хүмүүсийн талаарх сэтгэл зүйн хос онол дэвшүүлжээ...
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ