Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх үүргийг Үндсэн хуулиар хүлээсэн 380 орчим алба хаагчидтай Үндэсний аудитын газар Шилэн Цогоо гэдэг ганцхан хүнээс долоон дор ажиллаж байна гэдэг шүүмжлэлийг сүүлийн үед Улсын Их Хурлын гишүүдээсээ эхлэн амтай бүхэн ярих боллоо.
Уг нь бол Шилэн Цогоо бус Үндэсний аудитын газрын дарга Д.Занданбат төрийн өмчит компаниуд дээр үүрлэсэн хулгай луйвартай тэмцэж, хууль зөрчсөн нэгэнд нь төрийн төмөр нударгыг үзүүлж явах учиртай хүн. Харамсалтай нь төрийн өмчит үйлдвэр, компанийн захирлууд төсвийн мөнгөөр йогт явж, үр хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг татварын төлөгчдийн мөнгөөр төлөхийн хажуугаар алт мөнгөн аяга нэгэндээ бэлэглэн, архи дарсаа төрийн хөрөнгөөр худалдаж авах тендер зарлан туйлж явахад Үндэсний аудитын газар нүдэн балай чихэн дүлий мэт сууж байсан болж таарлаа.
Тийм биш байсан бол ядаж л төрийн өмчит компанийн захирлуудын хэрээс хэтэрсэн тансаглалыг ард түмэн Шилэн Цогоогийн сошиалд тавьсан мэдээллээс бус Үндэсний аудитын газрын даргын амнаас сонсох учиртай байв.
Хамгийн гол нь Үндэсний аудитын газар бол төсвийн мөнгийг гарын салаагаараа урсгасан “асуудалтай” дарга нартай тэмцэж, тэдэнд хууль сануулж байх учиртай төрийн нүд чих болсон чухал субъект. Гэвч Үндэсний аудитын ерөнхий газар сүүлийн үед энэ үүргээ хангалттай сайн биелүүлж чадахгүй байгаа нь тус байгууллагыг толгойлж байгаа Д.Занданбатад “асуудал” байна уу гэж хардахад хүргэж байна.
Нөгөөтээгүүр УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн хэлсэн “Аудитын ажлыг Шилэн Цогоо ганцаараа хийж байна” гэх мэдэгдэл болон УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн хэлсэн “Үндэсний аудитын Ерөнхий газар Шилэн Цогоо гэдэг ганцхан хүнээс долоон дор ажиллаж байна” зэрэг анхааруулгууд бол тус газар хариуцсан ажлаа хэр хэмжээнд хийж байгаагийн томоохон нотолгоо юм.
Товчхондоо бол Д.Занданбат ажлаа хийж чадахгүй байна гэдэг асуудлыг энэ мэтээр дээр дооргүй хүлээн зөвшөөрчихлөө. Иймд төсвийн хулгайтай тэмцэж, төрийн нэрийн өмнөөс хяналт тавих үүргээ хангалттай сайн биелүүлж чадахгүй байгаа Д.Занданбатыг Татварын ерөнхий газраас дагуулж ирсэн багийнх нь хамтаар огцруулж Шилэн Цогоог Монгол Улсын Ерөнхий аудитороор томилуулъя. Тэгвэл ядаж ард түмэн хэн гэдэг ямар дарга төсвөөс хулгай хийж хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлж, алт мөнгөн аяга нэгэндээ бэлэглэчихвээ гэдгийг мэдэх боломжтой болох биз.
ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN
Шилэн Цогоогоос долоон дор ажиллаж байгаа Ерөнхий аудитор Д.Занданбатыг огцруулъя! |
|