Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулж байна.
Засгийн газрын хуралдаанаар иргэдийн саналыг хэлэлцэж үзээд, шаардлагуудын 60 орчим хувь нь үнийн өсөлттэй холбоотой учир ойрын үед шийдэх боломжтой гэж үзлээ.
Ачаа тээврийн эргэлттэй холбоотой бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байна. Тиймээс стандарт бус арга хэмжээ авахаас аргагүй болж байна. Гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлтийг зохицуулах хууль өнөөдөр батлагдлаа.
1-рт, Шатахууны үнийг тогтвортой барих зорилгоор шатахуун импортлогчдод валютын дэмжлэг үзүүлнэ. Монголбанктай хамтарч шатахууны үнийг боломжит дээд хувилбараар барих эрхзүйн орчин үүслээ. Энэ багц арга хэмжээнд ойролцоогоор 100 орчим сая ам.доллар зарцуулах тооцоо гарсан. Дэлхийн зах зээлд шатахууны үнэ нэмэгдэж байгаа, манай улсад 1000 төгрөгөөр нэмэгдэх судалгаа гарсан.
2-рт, Хууль батлагдсанаар гурил махны үнийг тогтоон барих боломж бүрдлээ. Энэ хүрээнд нөөцөд байсан улаан буудайг ААН-үүдээс худалдаж авна. Цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосны импортын татварыг 2022 он дуустал 5 хувиар хөнгөлөх саналаа УИХ-д оруулах гэж байна.
Дотоодын хүнсний үйлдвэрлэгчдэд 1 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэлээ. Хүнсний ногоо, улаан буудай тариалах, зоорь агуулах барих зэрэг хүнсний нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж буй ААН-үүдэд зээл олгоно. Хүүгийн татаасыг төрөөс хариуцна. Засгийн газар энэ саналаа УИХ-д өргөн мэдүүлнэ.
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫНХАН ХОТ, СУУРИН ГАЗАРТ ТОМ ОВРЫН АВТОМАШИН ХЭРЭГЛЭХИЙГ ХОРИГЛОНО
Иргэдийн жагсаалаар гаргасан төрийн үрэлгэн зардлыг хэмнэх тухай шаардлагын хүрээнд улсын төсвөөс цалинждаг бүх байгууллагынханд хэмнэлттэй холбоотой нэг хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Тухайлбал,
Төрийн өмчит компаниудын удирдлагын бүтэц дэх дэд захирал болон шаардлагагүй албан тушаалтнуудыг хуулиар хязгаарлана.
Төрийн байгууллагынхан хот, суурин газарт том оврын автомашин хэрэглэхийг хуулиар хориглоно. Орон нутагт ажиллах бол туулах чадвар сайтай автомашиныг Засгийн газрын Автобаазаас захиалан хэрэглэнэ. Цаашид төрийн байгууллага таксины үйлчилгээ авах зэргээр төр машин хэрэглэхээс аль болох татгалзах чиглэл рүү явна.
Мөн олон нийтийн дунд маргаан дагуулдаг гар утасны зардал, зочин төлөөлөгч хүлээн авах зардал, төрийн албан хаагч гадаад томилолтоор явахдаа онгоцны бизнес ангиллаар зорчихыг хуулиар зохицуулна. Онгоцоор зорчих бол аль болох үндэсний авиа компанийг сонгоно.
Цагдаа, цэрэг, онцгой зэрэг төрийн тусгай албан хаагчдаас бусад нь дүрэмт хувцас хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн. Үүнийг хуулиар зохицуулна. Гааль, нийгмийн даатгалын салбарынхан зэрэг дүрэмт хувцас хэрэглэдэг байгууллагуд бий. Эдгээр байгууллага дүрэмт хувцас хэрэглэх шаардлагагүй гэж үзэж, улс төрийн шийдвэр гаргасан. Энэ бүх асуудлыг хуулиар зохицуулна.
Төсвийн үрэлгэн зардлыг хэмнэх тухай шүүмжлэл байнга яригддаг ч хэсэг хугацаанд дуулиан болоод намддаг. Тэгвэл энэ асуудлыг хуулиар зохицуулж, нэг тийш шийднэ гэж үзэж байна.
Хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулж байна. |
|