Ноорхой ногоон автобусны сонсгол но-той атлаа ноцтой, номгүй агаад журамгүй юм болж байна. Сум дарга ирсэнгүй, оронд нь өнөөдрийн ХЗДХ-ийн сайдын, өмнөх хотын даргын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ нь сумгүй буугаар буудаж байгаад гарч явлаа.
Бүхээгтэй ногоон цэргийн машин биш байтал бүрхэг ногоон автобусыг нууц биш нууц болгосон нууц ч өөрөө дэлгэгдлээ. Тагнуулын байгууллага ногоон автобус бол улсын нууц гэсэн бичиг өгөөгүй гэдгээ нотоллоо.
Гэртээ баригдах болохоороо гэдсээ хутгалж, гэнэтийн харакири хийдэг самуурай биш самуурсан цагдаа Жавхлантбаатарын өмгөөлөгч төрийн эрх барих дээд байгууллагын танхимд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнг “Наад муу чинь юу гээд байгаа юм бэ?” гэсэн нь сонсголоор сонсогдлоо. Өмгөөлүүлэгч нь гэртээ хутгаар гэдсээ цувуулдаг, өмгөөлөгч нь хушуугаараа төрд чих шуугиулдаг юм байна.
Дашрамд хэлэхэд, гэдсээ хүүлдэг экс цагдаа, Нийслэлийн НТГ-ын даргыг гудманд таарвал цохиод унагана гэж аварга Д.Сумъяабазар олон түмний өмнө амлан авч нулина, барин авч батирна гэдгээ бардам түрэмгий, бахдам гарамгай мэдэгдсэн билээ.
Түгжрэлийн экс сайд Ж.Сүхбаатар бусад сайд нарыгаа автобусны төсөв мөнгийг шийдэж өгсөнд их гомдолтой явдаг юм байна. Төсөв мөнгийг нь шийдэж өгөөгүй бол ногоон автобус авахгүй л байсан гэж голдоо ортол гомдсоор л байдаг юм байна. Нээрээ цавчих мөнгө нь байгаагүй бол цайчихсан ногоон автобусны хэрэг гэж байхгүй л байх байсан даа.
НОГООН АВТОБУСНЫ НО НОТЛОГДОЖ БАЙНА |
|