Сонгуулийн томсгосон тойрогтой, холимог тогтолцоотой, 126 кандидат сонгох онцлогтой үед хэвлэлүүд урьдынхаас илүү зарчим, ёс зүй, уншигчдын өмнө хүлээсэн үүргээ ухамсарлах ёстой. Үүнийг хэвлэл мэдээллийн зарим хэрэгслийн удирдлагууд өөрсдөө ч эртнээс сануулж анхааруулж байсан. Гэтэл сонгууль эхлэхэд ердөө гараанаасаа л улс төрийн намууд ч, сошиал хэрэглэгч хэвлэл мэдээллийн байгууллагууд ч хууль зөрчиж эхэллээ.
Ингэхдээ шүүхээр шийдвэрлэж дууссан худал мэдээллүүдийг дахин “амилуулж” элдвээр гүтгэн доромжлох болсныг УИХ-ын гишүүн Х.Ганхуягийг хэрхэн харлуулж байгаагаас харж болно. Түүний нэр дэвшин өрсөлдөж буй тойргийн сонгогчдод зориулан “Ардчилал таймс” сонин дээр хууль зөрчсөн, худал ташаа мэдээлэл агуулсан нийтлэлийг хэвлэн нийтэлж айл өрхүүдэд тараасан байх юм
Тухайлбал, “Ардчилал таймс” сонины 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн дугаарт “Хассуурийн Ганхуягийн хязгааргүй шунал” гэх нийтлэлд түүнийг өөрийн бизнесийг дэмжих зорилгоор банк болон ББСБ-ийн зээлийн хүүг 50 хувь бууруулах хуулийн төсөл өргөн барьсан, Хуулийн хулгай хийсэн, “Вертекс майнинг партнерс” ХХК-иараа хууль зөрчиж, хилийн зурвас дээр хөрс олборлолт хийж байгаа, хугацаа нь дууссан пиво зарж баяжсан, банкнаас 33 тэрбум төгрөгийн зээл авч, хохироосон гэх зэрэг гэмт үйлдлүүдэд холбогдсон мэтээр бичжээ
Тэгвэл үүн дээр ямар хуулиудыг зөрчив. Жишээ нь: сүүлийн мэдээллийн хувьд л гэхэд Х.Ганхуягийг гишүүн болсноос нь хойш ХБ-ны 33 тэрбумын асуудалтай холбож эхэлсэн. Харин өөрөө хүсэлтээ өгч шалгуулаад бүх шатны шүүхээр гэм буруугүй гэдгээ тогтоолгосон түүний энэ жишээ Улс төрд жишиг тогтоосон.
Бүхэлдээ дээрх мэдээлэл нь Үндсэн хуулийн 16-р зүйлийн 14-т “Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гээд, үүнд “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэж заасныг зөрчиж байгаа юм. Үүнд: Эрүүгийн хуулийн 1.4-т Гэм буруугийн зарчим гэдэгт гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байдаг.
Эдгээр мэдээллүүд нь бүгд бодит байдалд нийцэх үнэн зөв мэдээлэл нэг ч байхгүй тул Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3.1-д “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ” гэж заасны дагуу хариуцлага хүлээхээр болж байна.
Гэтэл айл өрхүүдэд хууль зөрчин худал мэдээлэл агуулсан хэвлэл мэдээллийн хэрэгслийг зориуд тарааж гэмт үйлдлээ нэмэн дэлгэрүүлж байгаа энэ асуудалд Сонгуулийн тухай хуулиас гадна олон хуулийг бүр Үндсэн хуультай нь хамтад нь зөрчиж эхэлж байгааг хууль хяналтын байгууллага тогтоож хариуцлага хүлээлгэх шаардлагатай. Одоогоор Хассуурийн Ганхуяг гишүүний хуулийн багийнхан ч мөн хуулийн дагуу зохих байгууллагуудад хандаад байгаа юм.
“Ардчилал таймс” гүтгэлэг тээсэн сонин тарааж ардчиллыг гажуудуулан гараагаа эхэллээ |
|