Реппер Desant-ын задгай талбайн анхны бие даасан "BIG FISH" тоглолт зургаадугаар сарын 8-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдана.
Энэ талаар тоглолтын ерөнхий продюсер болон реппер Desant нар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Реппер Desant "Миний анхны тоглолт 2014 онд болж байсан. Үүнээс хойш 10 жилийн дараа задгай талбайн, том хэмжээний бие даасан шоуг зохион байгуулж байна. Энэ бол 100 хувь хип хоп тоглолт болно.
Найруулга, тайз, хөгжим дээр манай багийнхан илүү анхаарч, энтертаймент шоуг толилуулна. Миний хийсэн дуунуудаас холбож, бүтэн цогц зохиол маягаар найруулж байгаа. Надтай хамт уран бүтээл хийж байсан хүмүүс онцгой зочноор уригдсан.
Тоглолт 15:00 цагаас хаалга нээж, DJ нар уран бүтээлээ тавина. 18:00 цагаас залуу уран бүтээлчид тоглолтыг нээнэ. Улмаар миний 30 орчим дуу дуулагдаж, 00:00 цагт дуусах юм.
"BIG FISH" гэдэг бол миний дуу. Заримдаа гэмт хэргийн байж болох субъектийг "том загас" гэж нэрлэдэг. Гэхдээ том тоглогч гэдэг утгаар тоглолтоо нэрлэсэн.
Намайг дэмждэг хүмүүс ирж үзээрэй. Бусад газрын тайзан дээр дуулаад байдаггүй дуунуудаа эгшиглүүлэхээрээ онцлогтой. HOOD дууг өөрийнхөө тоглолт дээр TG, Big Gee, Vanquish нартай дуулах болсондоо баяртай байна.
Өмнө нь бүрэн бүрэлдэхүүнээрээ цугладаггүй байсан учраас HOOD дууг дуулж байгаагүй. Энэ дууг сонсож өссөн залуус олон бий" хэмээн ярилаа.
Үргэлжлүүлэн тоглолтын ерөнхий продюсер М.Даваасүрэн "Энэ тоглолт Монголд харагдаагүй гурван метр өндөр тайзтай байна. Миний бие реппер Desant-тай таван жилийн өмнө тоглолт хийхээр төлөвлөж байсан. Түүний тоглолтыг чадах чинээгээрээ гоё зохион байгуулахыг хичээх болно" гэв.
Тус тоглолтын ерөнхий найруулагчаар "SKIN entertainment"-ийн найруулагч Б.Анар, ерөнхий продюсерээр "Халзаа" буюу М.Даваасүрэн нар ажиллаж байгаа аж. Тасалбарыг GS25 дэлгүүрийн бүх сүлжээ болон ЭНД дарж худалдан авах боломжтой.
Desant: TG, Big Gee, Vanquish нарын хамт HOOD дууг дуулах болсондоо баяртай байна |
|