Боловсрол, Шинжлэх Ухааны Яам(БШУЯ)-наас 2023-2024 оны хичээлийн жилийн зорилго, зорилтын биелэлтийг дүгнэх хурлыг өнөөдөр зохион байгууллаа.
Энэ үеэр боловсролын салбарт сайн арга зүйг нэвтрүүлсэн багш нарыг 30-50 сая төгрөгөөр урамшуулсан тухай Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хэлэв.
Тэрбээр "Монгол Улсын Боловсролын Их Сургууль (МУБИС)-д тулгуурлаж, саяхан Багшийн хөгжлийг дэмжих үндэсний төвийг нээсэн.
Улмаар анх удаа хамгийн сайн арга зүйтэй багш нарыг урамшуулж, тэдний арга зүйг худалдан авч бусад сургуульд түгээх ажлыг эхлүүллээ.
Тодруулбал
Улаанбаатар хотын 44 дүгээр сургуулийн н.Ариунтунгалаг багш MEDLE-д олон хичээл байршуулж, маш сайн контентуудыг бий болгосон. Иймд н.Ариунтуналаг багшийг 30 сая төгрөгөөр урамшуулж, түүний хичээлүүдийг худалдан авч байгаа юм.
Өмнөговь аймгийн Сэврэй сумын н.Батцэцэг багшийн шинэ арга зүйг 30 сая төгрөгөөр худалдаж авч байгаа. Энэ арга зүйг хөдөөгийн сургуулиуддаа нэвтрүүлнэ.
Баянхонгор аймгийн Эрдэм сургуулийн н.Бүрэнтогтох багштай мэргэжлийн хөгжлийн бүлгийн хийсэн арга зүйг 50 сая төгрөгөөр худалдан авч байгаа.
Цаашдаа хичээл бүр дээр шинэ технологи, инновац, арга зүйг бий болгосон багш нараас тухайн инновацыг нь худалдан авч багшийн ажлыг үнэлнэ.
Хоёрдугаарт тухайн арга зүйг орон даяар нэвтрүүлдэг тэргүүн туршлагатай болох тогтолцооны шинэчлэлийг хийж эхлүүлсэн. Өнгөрсөн хугацаанд боловсролын салбарынхны цалин нэмэгдэж, орон нутгийн нэмэгдлүүдтэй болсон" гэлээ.
Багш нарыг 30-50 сая төгрөгөөр урамшуулжээ |
|