Тамгагүй төрийг тайз болон амьдрал дээр зэрэг дэглэж байна

2025-05-28,   151

Аль ч улсын түүхэнд эрх мэдлийн төлөөх тулаан өрсөлдөөн гэдэг хэзээ ямагт байсаар ирсэн зүйл. Гэхдээ эрх мэдлийг зөвхөн хувийн ашиг сонирхолд таацуулсан нь удаж төдөлгүй унаж онхолддог бол ард түмнийхээ хүсэл зоригт нийцүүлсэн нь цагийн шалгуурыг даван гарч тэсэж үлддэг жамтай. Агуу Б.Лхагвасүрэн агсны шилдэг бүтээл “Тамгагүй төр” жүжгийн гол санаа ч нийтийн эрх ашгийг хувийн эрх ашгаас илүүд эрэмбэлэх монголчуудын төрт ёсны арвин их уламжлалыг сануулдаг билээ.

            Тэгвэл өнөөдөр уран бүтээлч гэхээс илүүтэй “Төрийн найруулагч” болчихоод байгаа Херо Баатар уг алдарт бүтээлийг тайзан дээр ч, амьдрал дээр ч зэрэг дэглэн тавих боллоо. Ингэхдээ Ерөнхий сайдын суудлаас унах нь тодорхой болж, дээсэн дөрөөн дээр дэнжигнэж буй дүүгээ аврах гэсэн биш хорлож орхив. Учир юун гэвэл тайзан дээрх “Тамгагүй төр”-ийн Арчуг хаан төрийн эрхийг бусармаг хүмүүст алдалгүй хамгаалж бүрэн бүтэн үлдээхийн тулд өөрийн гэсэн нандин бүхнээ золиослодог. Харин амьдрал дээрх “Тамгагүй төр”-ийн Оюун-Эрдэнэ сайд хувийн амьдралаа хамгаалахын тулд төрөө золиосолж буйг бид бүгд харцгааж байна.

            Сүүлийн хэд хоног өрнөсөн үйл явдал бол төрийн эрх мэдлийн төлөөх ил цагаандаа гарсан “сүрт тулаан” бол байгаагүй шүү дээ. Ердөө л “Ерөнхий сайдын хүүг амьдралаас тасарсан хэт тансаглалынхаа эх үүсвэрийг нотлоод аль” гэж олон нийт шаардсан. Гэтэл мань эрийн “брэндийн цүнхний” асуудал орлогоо л нотлох амархан алхам хийхийн оронд шударга ёс шаардсан хүмүүсийн өөдөөс нь “Ялаанууд” гэж доромжилсон нь ёстой гал дээр тос асгасан хэрэг болсон. Монголчууд улс төрийн асуудалд хүлцэнгүй дорой гэгддэг ч гал нь нэг дүрэлзээд цөс нь нэг хөөрвөл яаж ч мэдэх шартай хүмүүс. Тэгэхээр ёстой нөгөө Баяраа өөрөө л ойчсон гэдэг шиг Л.Оюун-Эрдэнэ өөрөө л унах нүхээ улам гүн ухлаа.

            Дээр нь бас Монголын түүхэнд урьд өмнө хэзээ ч дуулдаж байгаагүй алиа хошин ч гэмээр арчаагүй гутамшигтай ч гэмээр явдал дуулдаж байх жишээтэй. Тодруулбал, зарим нэг төрийн өмчит компани, нам эвсэл, холбоодын дарга даамлууд л сандал ширээтэй зууралдахаараа тамгаа аваад зугтаж гэнэ гэлцдэг байсан болохоос бүхэл бүтэн улсын Ерөнхий сайд огцрохын даваан дээр тамгаа аваад зугтсан тохиолдол энэ хүнээс өөр байгаагүй юм шүү.

            Үүгээр ч зогсохгүй тэр бүр Бага хурлын гишүүдийнхээ өмнө уйлж унжиж жүжиг тавьсан анхны Ерөнхий сайд боллоо. Мөн цаашлаад өөрөө өргөдлөө өгнө гэчхээд бүгэж нуугдаж, өчнөөн хоног муур хулганадаж тоглов. Монгол төрийн нэр хүндийг ингэтэл дор унагаж, шороотой хутгасан Ерөнхий сайд 1912 оноос өнөөдрийг хүртэлх 113 жилийн хугацаанд бас л байсангүй.

            Ийнхүү ах найруулагч нь төрийн мөнгөөр тайзан дээр нэг “Тамгагүй төр” тоглуулж, амьдрал дээр ч бас нэг “Тамгагүй төр” дэглэхдээ хөөрхий дүүгээ хүнд хэцүү амаргүй байдлаас нь гаргах бус, харин ч түмний шившиг, олны доог болгосоор буйгаа тэд ер нь анзаарч байгаа болов уу.

Анхандаа “цүнхний” асуудал эрх баригч намын Бага хурлын хэмжээнд хүрч, Засаг төрөөрөө оролдож, унагах хэмжээнд хүрч, эцэстээ төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын хэмжээнд хүрч, төрийн түшээдээ талцуулан, хувийн зовлонгоо Төрийн зовлонгийн хэмжээнд хүргэж буй нь нэн эмгэнэлтэй.

            Дахин сануулахад, жүжгийн дүр хаан хувь хүний ухвар мөчид алдаа шийдвэрээсээ болж төр улсаа тамгагүй болгох шахдаг ч амьдралын дүр сайд шиг эрх мэдэлтэйгээ үлдэхийн тулд уйлж хайлж, уймруулж үймүүлж, нуугдаж зүүгдэж, улс гэрээ тамтаггүй болтол самардаггүй. Угсаа залгамжлах үрийнхээ халуун амийг хүртэл золиод улсаа авч үлддэг. Тиймээс эрхэм бус өчүүхэн сайд Л.Оюун-Эрдэнэ та “Тамгагүй төр”-ийн хаантай өөрийгөө жишин өргөмжилж, өргөн олныг хуурна, уяраана гэвэл ёстой эндүүрэл болох байх. Ард түмэн ямагт ухаантай байдаг. Аль нь жинхэнэ уран бүтээл, аль нь арга ядсан хуурмаг жүжиг вэ гэдгийг маш амархан ялгаж салгана.        

 


Тамгагүй төрийг тайз болон амьдрал дээр зэрэг дэглэж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ