Ц.Оюунгэрэл: УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийг хууль бус, дүрмийн бус үйл ажиллагаанд оролцсонд гүнээ харамсаж байна

2021-03-13,   323

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлээс УИХ-ын дэд дарга, АЭХ-ны тэргүүн С.Одонтуяа, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат нарт хандан сэрэмжлүүлэг хүргүүлжээ. 

Тус сэрэмжлүүлэгт "Ардчилсан Намын даргын сонгууль хууль ёсны дагуу явагдаж, Монгол Улсын хууль тогтоомж, АН-ын дүрэм журмын хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн даргатай болох нэн тулгамдсан шаардлага үүсээд буй өнөө үед УИХ дахь Ардчилсан Намын бүлгээс хамгийн өндөр албан тушаалыг хашиж буй, АЭХ-ны тэргүүн С.Одонтуяа, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат та бүхний тэргүүлсэн АН-ын бүлгийн 8 гишүүн 2021 оны 3 дугаар сарын 11 -ний өдөр зохиогдсон "Намын даргын сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулах ёслол'' хэмээх хууль бус, дүрмийн бус үйл ажиллагаанд оролцсонд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлж энэхүү захидлыг илгээж байна.

Уг үйл ажиллагаа нь Улс төрийн намуудын тухай хуульд заасан улс төрийн үйл ажиллагааны зарчмыг алдагдуулсан олон алдаа завхрал бүхий дураар авирласан зүйл байсныг эрхэм гишүүд та бүхэн анзаараагүй, мэдээгүй учир очсон байхыг үгүйсгэхгүй. Гэвч хуульч мэргэжилтэй хүнээр удирдуулсан АН-ын бүлгийн гишүүд асуудлыг судлахгүйгээр буруу үлгэрлэл үзүүлж буй нь хуулийг уландаа гишгэж болох мэт муу жишгийг хөхиүлсэн хортой үр дагавартай билээ. Иймд хууль бус зүйлийг цаашид гүнзгийрүүлэхэд гар бие оролцохгүй байхыг Танаас уриалан сэрэмжлүүлж байна. Хууль бус үйл ажиллагааг дур зоргоор зохион байгуулж буй, хүчингүй болсон тэмдэг ашиглаж хууран мэхэлсэн үйлдэл хийж буй И.Мөнхжаргалд миний бие удаа дараа анхааруулга өгч, сонгуулийг хууль бус болгохоос урьдчилсан сэргийлэхийг оролдож байгаагаа нотлон түүнд явуулсан бүх захидал, ирсэн хариуг энд хавсаргав. Анхааралтай танилцаж, дараа дараагийн үйл ажиллагаагаараа олон нийтийн өмнө хариуцлагатай, зөв зүйтэй манлайлал үзүүлнэ үү. Цаашид улс төрийн үйл ажиллагааг хууль бусаар явуулахыг зөвхөн хараад сэрэмжлүүлээд суух бус, хууль хяналтын байгууллагад хандан намын гишүүдийг олноороо эрүүгийн гэмт хэргийн хамтрагч болохоос нь урьдчилан сэргийлэх болно гэдгийг үүгээр мэдэгдье" гэжээ.


Ц.Оюунгэрэл: УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийг хууль бус, дүрмийн бус үйл ажиллагаанд оролцсонд гүнээ харамсаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ