Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т зочилж, “Нийгмийн шилдэг зүтгэлтэн” хамт олны цом гэрэгэ-г Ерөнхий захирал Х.Бадамсүрэнд гардууллаа. Энэ жил 100 жилийн ой нь тохиож буй Монголын Залуучуудын Холбоо 1992 оноос шилдгүүдийг шалгаруулах NEXT STOP наадмыг уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Энэ жилийн хувьд хамрах хүрээгээ өргөжүүлж Нийгмийн зүтгэлтэн, Хүмүүнлэгийн үйлстэн хэмээх хоёр номинацийг шинээр нэмж, цахим санал асуулгаар шилдгийг тодруулсан юм. Эрдэнэт үйлдвэр 2020 онд 32.5 сая тонн хүдэр боловсруулж, 700 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, улс, орон нутгийн төсөвт нэг их наяд төгрөгийг давсан орлого төвлөрүүлсэн төдийгүй, нийгмийн хариуцлагын хүрээнд Covid-19 цар тахлын хүнд үед айл өрх, аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, хогны төлбөрийг хариуцан ажиллаж, 650 тэрбум төгрөгийг санхүүжүүлсэнд олон нийт талархан баялаг бүтээгч уурхайчдыг “Нийгмийн шилдэг зүтгэлтэн” хамт олноор ийнхүү тодруулжээ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн МЗХ-ны удирдлагуудтай уулзах үеэрээ, Зууны манлай бүтээн байгуулалтад Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн гишүүд голлох үүрэгтэй манлайлан оролцож байсныг дурсаад сүүлийн дөрвөн жилд 29 сая орчим ам.долларын геологи хайгуулын ажил хийсний үр дүнд Эрдэнэт үйлдвэр цаашид 60-70 жил ажиллах нөхцөл бүрдсэнийг дуулгав. Харин МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од Монголд залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалтуудтай танилцах аяллаа Эрдэнэтээс эхэлж байна гээд Дэлхийн жишиг, Монголын бахархалт үйлдвэрийн хамт олонд талархал илэрхийлж, амжилт хүссэн юм.
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН УУРХАЙЧИД “НИЙГМИЙН ШИЛДЭГ ЗҮТГЭЛТЭН” ХАМТ ОЛНООР ШАЛГАРЛАА |
|