Нийслэлд хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг 2510 ААН, байгууллага бий, эдгээрээс 530 аж ахуйн нэгжийн төлөөллийг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хүлээн авч уулзаж хариуцлагын гэрээний талаар танилцууллаа. ААН-үүдийн төлөөлөл дүүрэг бүр тус, тусдаа ширээн дээр гэрээгээ хийж байгаа ба гэрээ хийсэн аж ахуй нэгж, байгууллага нь өнөөдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжтой болж байгаа аж

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар "Монгол улсад тэр дундаа зуны дэлгэр цагт худалдаа үйлчилгээ явуулах, аялал жуулчлалын хөгжүүлэх, хүнсний үйлдвэрлэлийн салбарыг бодлогоор дэмжихийн тулд өнөөдөр та бүхэнтэй уулзаж байна. Хотын орлогын гол эх үүсвэр бол үйлчилгээ, худалдаа юм. Хотын засаг даргын хувьд хотын үйлдвэрлэл үйлчилгээ, худалдаа үйлчилгээ, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг зогсоох сонирхол надад огт байхгүй. Үйлдвэрлэлийг хэрхэн явуулж, бизнесийг хөгжүүлж, орлоготой болгох вэ гэдэг дээр анхаарснаар хотод татварыг төвлөрүүлж түүнээсээ аливаа ажлаа хийж хэрэгжүүлдэг. Өнөөдрийн байдлаар хотын төсвийн нөхцөл байдал хүнд байна. Тиймээс бүгдээрээ нэгдэх ёстой. Бид та бүхнийг хэрхэн дэмжих, та нарт бидний зүгээс юу хүсмээр байна вэ. Өнөөдрийн нөхцөл байдалд ковидын улмаас хувийн хэвшил болон төр хоёул хүнд байна.
Яг энэ гэрээнд заасны дагуу стандартын дагуу хариуцлагатай ажиллавал цаашлаад фитнесс клубуудыг мөн нээнэ
Та бүхний ажлын байрыг хамгаалах, орлого олоход нь хэрхэн дэмжих талаар байнга бодож байна. Зуны дэлгэр цаг болчихсон үед үйлдвэрлэл үйлчилгээ явуулмаар байдаг, гэтэл гайтай энэ өвчин, "чөтгөрийн" вирус нь тархаад болж өгөхгүй байх юм. Энэ нөхцөл байдал дунд төр, хувийн хэвшил хоёул орчихсон байгаа үед бүгдээрээ гарц шийдлүүдээ олоод, зохион байгуулалтад орж ажиллая. Хариуцлагын гэрээг ойлголцлын, итгэлцлийн гэрээ гэж мөн ойлгож байна. Тиймээс харьяалагдах байгууллага, албан тушаалтнуудыг хамруулсан дөрвөн талт гэрээг байгуулж, хариуцлагатай ажиллая. Та бүхэнд өөр ямар дэмжлэг хэрэгтэй байна түүгээр чинь дэмжмээр байна. Харин хүн хоорондын зай барихгүй, үйлчлүүлэгчид нь маск зүүхгүй, хоёр тун вакцинаа хийлгээгүй үйлчлүүлэгч, "чөтгөрийн" вирус тараагаад байгаа хүмүүст үйлчлэх юм бол бусдад маш өндөр эрсдэлийг үүсгэж байгаа юм. Тиймээс та хэд хоёрдугаар тундаа хамрагдсан хүмүүстээ үйлчлээд, вакцин хийлгээгүйд нь бүү үйлчил.
Хариуцлагын гэрээндээ гарын үсгээ зурж тамгаа дараад өнөөдрөөс байгууллагынхаа үүд хаалгыг нээж болно. Яг энэ гэрээнд заасны дагуу стандартын дагуу хариуцлагатай ажиллавал цаашлаад фитнесс клубууд, амралтын газар, жуулчны баазуудыг мөн нээхээр төлөвлөж байна" гэлээ.
Хариуцлагын гэрээний зүйл заалтууд нь халдвар хамгааллын дэглэмийг мөрдөхтэй холбоотой энгийн дүрэм журмуудыг тусгасан буюу ширээ хоорондын зай барих, хүний бөөгнөрөл үүсгэн, үйлчлүүлэгчийн тоог хүчин чадлын 50 хувиас хэтрүүлэхгүй байх, халдварын эсрэг дархлаажуулалтын бүрэн тун аваагүй ажилтныг ажиллуулахгүй, дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан үйлчлүүлэгчид үйлчлүүлэх зэргийг тусгажээ.
Зургийн эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Д.Сумъяабазар: Яг энэ гэрээнд заасны дагуу стандартын дагуу хариуцлагатай ажиллавал цаашлаад фитнесс клубуудыг мөн нээнэ |
|