Ж.Батзандан, Л.Болд нарыг дэвшүүлэн зайлуулав

2021-07-01,   445

Улстөрийн хүрээнд танигдсан нэг жишиг бий. Энэ бол дэвшүүлэн зайлуулах... Болохгүй, таалагдахгүй байгаа хэн нэгэн улстөрчийг замаасаа холдуулахын тулд өндөр албан тушаал өгч амыг нь тагладаг. Энэ жишгээр хоёр жилийн өмнө ШУДАРГА ТАВАН гишүүн хэмээн нэрлэгдэж хэсэг цээжээ дэлдсэн улстөрчдийн тоонд багтсан Ж.Батзандан, Л.Болд нарыг МАН-ынхан дэвшүүлэн зайлууллаа. Улстөрд мөнхийн найз, мөнхийн дайсан гэж байдаггүй гэдэг. Яг энэ жишгээр нэгэн цаг үед хамтдаа Сүхбаатарын талбайд жагсаж, хувьсгал хийхээр гар гараа атгасан таван гишүүн ийнхүү хоёрыгоо дэвшүүлэн зайлууллаа. Парламентын сонгуульд өвдөг шороодсон, тэтгэвэрт суусан улстөрчдийн орогнодог газар аль нэг улсын Элчин сайдын яам. Энэ жишгийн дагуу УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан Австрали улсад суух Элчин сайд зөвлөхөөр ажиллах “виз”-ээ халаасласан гэнэ. Түүний хувьд өнгөрсөн 2016 оны сонгуулиар АН-аас нэр дэвшин УИХ-д суусан ч удалгүй намын бодлого шийдвэр, дүрэм журам зөрчсөн үндэслэлээсээ намаасаа хөөгдсөн. Улмаар УИХ-ын гишүүн Л.Болдтой нийлэн ШИНЭН-г байгуулсан ч тэд парламентад суудал авч чадаагүй юм. Гудамжны тэмцэгчээр парламентын гишүүн болтлоо дэвшсэн түүний хувьд МАН-ынхны шүдний өвчин. Тэр бол байн байн эрх баригчдыг бойкот хийж, ард иргэдийг тэмцэлд уриалж, төвөг удах хүний тэргүүн эгнээнд бичигдэж байдаг нэгэн. Иймээс эрх баригч хүчинд Ж.Батзандан мэт "тэмцэгч" төвөг удахаас цаашгүй. Иймээс түүнийг Элчин сайдын яам гэх цайзанд чимээгүйхэн амьдрах эрх олгоод багагүй хугацаа өнгөрч байна. Тэгвэл түүний араас Л.Болд найзыг нь дэвшүүлэн зайлуулав. Тулхтай, төлөв түвшин улстөрчийн багаа нэг л өдөр тэмцэгчийн дүр төрхөөр сольж, Ж.Батзандангийн өрөөсөн дугуй, эрх баригч хүчний шүдний өвчин болсон хүн бол Л.Болд. Нэгэн үед Гадаад яамны сайд гэх хүндтэй албыг хашиж, АН-ын толгой улстөрчдийн тоонд орж явсан тэр ийнхүү "тэмцэгч" улстөрч болсныхоо ачаар карьеараа Элчин сайдын суудалд суун үргэлжлүүлэхээр болов. Бүр тодруулбал, түүнийг Бельгийн Вант улсад элчин сайдаар томилж байгаа юм.
Ж.Батзандан, Л.Болд нарыг дэвшүүлэн зайлуулав
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ