Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадамд зориулсан тоглолт “Би монгол хүн” гэсэн нэртэйгээр цацагдсан. Наадмын нээлтийн контентод Буриад зон олныг сарлаг унасан, эмэгтэйн хормойг удаа дараа сөхөж буйгаар дүрслэн үзүүлсэн нь багагүй шүүмжлүүлээд байгаа билээ. Энэ талаар жүжигчин Г.Алтаншагай цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийсэн. Тэгвэл наадмын контенттой холбогдуулан Буриад зоны төлөөлөл уриалга гаргажээ. Мэдэгдэлд “Буриад зоныг төлөөлүүлсэн үзэгдэл дээр эхнэр хүний хормойг удаа дараа сөхөж, ёс зүйгүй хэтрүүлэгтэй, сарлаг унаж аж байдлаас гажуудуулсан, буриад дээлний энгэрийн цайвар, хар, улаан өнгөний учир байдлыг алдагдуулсанд харамсаж байна. Буриад монголчуудын амьдрал, соёл уламжлал, үүх түүх, гарал угсаанд хүндэтгэлтэй хандаж, уран бүтээлээ сайн судалгаан дээр үндэслэхийг уриалж байна” гэжээ. Мөн П.Цэрмаа гэдэг иргэн энэ асуудалд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлэн: “Сарлаг унасан буриад Сагсагнаж байхыг харсангүй Хамганы хормой сөхөөд Хатарч байхтай таарсангүй Халамцуу буриадыг мэдэх ч Хатгалдаж байхыг нь харсангүй Хачин этгээд хувцастай Хөвхөлзүүлж ёохордохтой ч таарсангүй Эндүүрээд байгаа нэгэнд Эгдүүцэж хэлэх үг байна Хадуураад байгаа нэгнийг ч Хараад сууж тэвчихгүй байна Хэтэвчээр чинь хэмжигддэг Хэврэгхэн соёл үгүй шүү Хүндлэлгүй хамаагүй оролдвол Харин ч дуугүй өнгөрөхгүй шүү Арвин их түүхийг минь Анхнаас нь судлаж үзсэн үү та Алтаргана наадмын дэвжээг Алсаас ч гэсэн харсан уу та Асар арвин соёлын минь Атгаханыг ч гэсэн судалсан уу Ахай баавай нараас ч Аман яриаг нь сонссон уу Олон олон буриадууд омогшоод өндөлзвөл Олноор хядуулсан өвгөдөө өмгөөлөөд өмөлзвөл Дүнзэн байшиндаа дотогшоо уйлаад эхэлбэл Дүрэлзсэн цалгиа инээдээ нуугаад гуниглавал Бардам зантай басган бат зогсоход бэлэн байна Буриад зоныхоо өмнөөс баахан зэмлэхэд ч чадахаар байна Ясыг нь хуссанч арилахгүй Ёс заншилыг минь хүндлээрэй Цусыг нь урсгавч мөхөөгүй Цөөхөн буриадыг минь хүндлээрэй Бусдад гэм хийдэггүй Бурханлаг чанарыг нь хүндлээрэй Буруу зөвийг тунгаах Буурлуудыг минь ч хүндлээрэй “ гэж тэрлэжээ.
Наадмын контенттой холбогдуулан Буриад зоны төлөөлөл уриалга гаргав |
|