С.Амарсайхан: Замын-Үүдийн тээврийн зардлыг яаралтай буулгахгүй бол төр оролцох болно

2021-08-04,   591

Шадар сайд С.Амарсайхан Зам-Үүдэд төрийн албан хаагчидтай уулзах үеэрээ тээврийн зардлыг бууруулах талаар ажиллахыг санууллаа. 
 
Тэрээр “Эрээн талд ачаа илгээгч хэсэг бүлэг бий. Мөн манай талд ачаа хүлээн авагч хэсэг бүлэг бий. Тэд хоорондоо үгсэж, ярьдаг. Улмаар зохион байгуулалттай үнийн хөөрөгдлийг бий болгодог. Орон нутгийн хэмжээнд хил гаалийн орчимд албан бус үнэ тарифаар ачаа тээврийн үнийг хөөрөгддөг зохион байгуулалттай асуудал байна. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллага, орон нутгийн захиргаа, мэргэжлийн байгууллагууд хамтран шийдвэрлэж, ямар нэгэн байдлаар албан тарифаас өөр нэмэгдэл тариф тооцдоггүй байх, дундын зуучлал авахгүй байхтай холбоотой бүх төрлийн арга хэмжээг хоёр талаас хэрэгжүүлье гэдэг саналыг тавьж байна.
 
Энэ талаар манай талаас зарим арга хэмжээг авч эхэлсэн. Энэ хүрээнд томоохон бүтэц зохион байгуулалтын ажлууд хийгдэж байна. Эрээний талд ч бас энэ ажил дорвитой хийгдэх шатандаа орсон гэж бид үзэж байна. Ингээд хоёр талдаа хяналт тавьж, ачаа барааны үнийн хий хоосон хөөрөгдлийг багасгах, эргэлтийг нэмэгдүүлэх ажлыг хийнэ. Энэ хүрээнд тээврийн компани, хилийн хяналтын байгууллага, орон нутгийн захиргаа хамтран үнэ тарифын зохиомол хөөрөгдөл үүсгэхгүй байх хариуцлагын асуудлыг яаралтай эцэслэж үйл ажиллагааг жигдрүүлэх ёстой.
 
Хэрвээ богино хугацаанд энэ асуудал шийдэгдэхгүй бол Засгийн газар заавал  хэдэн тээврийн компаниудыг харж суухгүй, шаардлагатай гэж үзвэл төрийн оролцоотой бид тээврийн хэрэгслүүдийг гаргаж, хэвийн горимд ортол нь татан авалт хийх ажил руу орох болно” гэлээ.

С.Амарсайхан: Замын-Үүдийн тээврийн зардлыг яаралтай буулгахгүй бол төр оролцох болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ