Л.Баярсайхан: ШӨХТГ-ынхан манай эмнэлэгт дарамт үзүүлж байна

2021-08-23,   517

ХСҮТ болон Дөрөвдүгээр эмнэлгийн хооронд газрын маргаантай асуудал үргэлжилсээр байна. Улмаар ХСҮТ-ийн зүгээс өөрийн эзэмшил бүхий газрыг хашаагаар тусгаарлан, контейнер байршуулсан бөгөөд энэ нь Дөрөвдүгээр эмнэлгээр үйлчлүүлэх иргэдэд хүндрэл үүсгэж байгаа аж. Тус асуудлаар өнөөдөр ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ ХСҮТ болон Дөрөвдүгээр эмнэлэг дээр ажиллан газрын маргааны асуудлаар ярилцлаа. 
 
ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ: Монгол Улсад эмнэлэг ховор, өвчтэй хүмүүс урт дараалалд дугаарлаж байна. Ялангуяа Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг нийслэлийн хамгийн их хүн амтай дүүргүүд. Ийм байхад хоёр эмнэлгийн хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнийг хорьж болохгүй. Энэ асуудлыг л  бид ярьж байна. Өрсөлдөөнийг хязгаарлаж болохгүй. Эх нялхас, Гурван гал эмнэлгийн хооронд ийм асуудал үүсвэл бид ялгаагүй очих болно.
 
Өвчтэй хүмүүсийн төлөө нэгдэж ажиллахыг хүсэж байна. Та бүхэн хувийн хэвшилтэйгээ газрын маргаантай асуудлаа  шийдвэрлүүлэх хэрэгтэй. Харин үйл ажиллагааг нь бүү хязгаарлаач ээ.
 
Бид энэ асуудлаар Нийслэлийн Засаг дарга буюу Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх болон ХСҮТ-д албан бичиг хүргүүлж байгаа. Төр хувийн хэвшил хамтарч ажиллах хэрэгтэй. Энэ гадаа хашаа барьсан, бариагүй ч ямар ялгаа байгаа юм бэ. Иргэд орж гараад эмчилгээ үйлчилгээгээ авч яваг л дээ.
 
ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Та бүхэн хууль эрх зүйн хүрээнд ажиллах ёстой гэдгийг дахин сануулъя. Нэгд, бид бүхэн төрийн үйлчилгээ явуулж байгаа төрийн байгууллага. Иймд яагаад өрсөлдөгч болж байгаагаа мэдэхгүй байна. Аливаа үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл, бичиг баримт бүх албан бичгээр явдаг.
 
Бид монголын ард иргэдэд хуулийн дагуу эмнэлгийн тусламж үйлчилгээ хүргэж байна. Энэ газрыг хуулийн дагуу Нийслэлийн Газрын албанаас ХСҮТ-д өгсөн.  Бид өөрсдийн эрх мэдлийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна. Бид “Дөрөвдүгээр эмнэлэг үүсч байгаад баяртай байна. Хууль дүрэм журмын хүрээнд танай эмнэлэгтэй бүхий л талаар хамтран ажиллахдаа таатай байх болно” хэмээн албан бичиг хүргүүлж, гарц асуудлаа ярилцъя гэсэн юм. Гэтэл Дөрөвдүгээр эмнэлгийн зүгээс бидэнд хариу ирүүлээгүй бөгөөд цахим орчинд шударга өрсөлдье, эрх ашиг зөрчин хаалт босгож байна гэх  зэрэг олон сөрөг мэдээллийг оруулсан байна.
 
ХСҮТ-ийн дэд захирал Л.Баярсайхан: Өнөөдөр асар их дарамт мэдэрлээ. ШӨХТГ-аас үг хэлээр дооглон, инээж байгаа нь эвгүй сэтгэл төрүүллээ. Бид бүгд үүнд бухимдаж байна. Төрийн байгууллага ингэж ажилладаг юм уу. Бидэнд янз янзын шаардлага тавих юм.
 
Бид улсын эмнэлэг. Хэнтэй өрсөлдөх гэж байгааг ойлгосонгүй. Бид хэнтэй ч өрсөлдөх гээгүй. Зөвхөн үйлчилгээ явуулах талбайгаа цэгц, журамтай байлгамаар байна. Хувийн эмнэлэг бол хогоо өөрсдөө хая, машин битгий оруул гэсэн нөхцөлтэй.
 
Улсын эмнэлэгт ажиллаж байгаа хүмүүс энэ байр суурьнаас асуудалд хандсан. Гэтэл бямба, ням гаригт ерөнхий захирал руу утсаар ярьж дарамталсан байна. Хоёрт, манай ХСҮТ-өөс Дөрөвдүгээр эмнэдэг рүү албан тоот явуулан хамтарч ажиллая, ярилцья гэхэд хариу ирүүлээгүй. Тэгсэн хэрнэ сошиалаар ХСҮТ-ийнхэн өвчтэй хүмүүсийн эрх ашгийг, зөрчлөө хаалт босгож байна, шударга өрсөлдье гэж ярьж эхэлсэн. ХСҮТ-тэй энэ эмнэлэг өнөөдөр өрсөлдөх юм байна л даа. Юугаараа ч өрсөлдөх юм. Өрсөлдөгч болсноо өнөөдөр л мэдлээ” гэлээ.
 
 
 
эх сурвалж: Itoim.mn

Л.Баярсайхан: ШӨХТГ-ынхан манай эмнэлэгт дарамт үзүүлж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ