Ерөнхий сайд хүн амыг жилд нэг удаа эрүүл мэндийн цогц үзлэгт хамруулдаг байх ажлыг судалж хэрэгжүүлэх үүргийг Эрүүл мэндийн сайдад өгсөн. Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл өглөө.
Тэрээр “Манай улсын нийт нас баралтын тэргүүлэх таван шалтгаан нь зүрх судасны өвчин, гэмтэл хордлого, амьсгалын тогтолцооны эмгэг, хавдар, хоол боловсруулах замын халдвар байна. ЭМДС-аас санхүүжигддэг 18 наснаас дээш насны бүлгээр ангилсан багцууд бий. Энэ нь 2018 оноос эхлэн хэрэгжиж байгаа боловч хамрагдалт 7.9 хувь байна. Тиймээс энэ насны багцыг шинэчилж, хүн амыг жилд нэг удаа заавал урьдчилсан сэргийлэх үзлэгт хамруулна. Тус багцад 12 төрлийн оношилгоо, шинжилгээ хийгддэг. Энэ нь 18-аас дээш насныхны 43-75 мянган төгрөгийн үнэтэй багц шинжилгээ юм. Үүн дээр нэр төрлийг олшруулж, хөдөө орон нутгийн боловсон хүчинг чадавхжуулж байна. Ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс улс даяар эрт илрүүлэг, урьдчилсан сэргийлэх үзлэгт бүх иргэдийг хамруулна.
Мөн нэмэлт мэдээлэл өгөхөд гуравдугаар тунг хариу арга хэмжээний багт хийж байна. Үүнд 13 мянга гаруй хүн хамрагдсан. Гуравдугаар тунг хийснээр нэмж халдвар тархана гэсэн ойлголт байхгүй. Харин 3-4 сарын дараа эсрэг бие нь нэмэгдэж, дархлааны эсүүд идэвхжинэ.
НЭМҮТ-өөс 11-ээс доош насныханд дархлааг дэмжих бэлдмэл хийх талаар судалж байна. Үүнийг бүх насныханд хийх боломжтой. Ханиадны улирал эхэлж байгаа тул вакцинд хамрагдаагүй хүүхдүүддээ хийх боломжийг судалж байна. Үүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлбэл хүүхдүүдийнхээ дархлааг дэмжих боломжтой” гэлээ.
С.Энхболд: 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс улс даяар эрт илрүүлэг болон урьдчилан сэргийлэх үзлэгт бүх иргэнийг хамруулна |
|