Дэлхийн улс төрийн цаг агаар улам бүр хүйтэрч, улс орнууд дахин хоёр хүчний туйлд хуваагдаж эхэлснийг нотлох үйл явдлууд сүүлийн өдрүүдэд болж өрнөлөө.
ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын 21 дэх удаагийн дээд хэмжээний уулзалт өнгөрөгч долоо хоногт Тажикстаны нийслэл Душанбе хотноо болж өндөрлөсөн.
Энэ удаагийн уулзалтын хамгийн том үйл явдал нь Исламын бүгд найрамдах Иран улс ШХАБ-д гишүүнээр элссэн явдал байв. Ийнхүү Иран БНХАУ, ОХУ, Казахстан, Киргизстан, Тажикстан, Узбекистан, Энэтхэг болон Пакистан зэрэг бусад гишүүн орнуудын адил ШХАБ-ын шийдвэр гаргалтад оролцох бүрэн эрхтэй болсон юм. Гэвч Тегераны гадаад бодлогод Москва болон Бээжин том нөлөөтэй. Тиймээс ШХАБ дахь Ираны байр суурь болон санал өгөх кноп ОХУ болон БНХАУ-ын мэдэлд байна гэж ажиглагчид дүгнэсэн.
Иран ШХАБ-д гишүүнээр элсэхийг олон жил зорьж ирсэн. Ираны өмнөх удирдагчид ШХАБ-ыг дэлхийн хүчний давамгайллыг АНУ-аас холдуулж, барууны бус хамтын нийгэмлэгт төвлөрүүлэх бэлгэдэл гэж харж ирсэн. Өнгөрөгч сард тангаргаа өргөсөн Ираны шинэ Ерөнхийлөгч Эбрахим Раисигийн анхны гадаад айлчлал ШХАБ-ын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт байсан нь олон зүйлийг илтгэнэ.
Эбрахим Раиси Иран улс ШХАБ-д гишүүнээр элссэн явдлыг “дипломат амжилт” гэж тодорхойлсон юм. Мэдээж Афганистаны асуудал ШХАБ-ын бусад орнууд Тегераныг хүлээж авахад хамгийн том түлхэц үзүүлсэн.
Учир нь, Хятадын геополитикийн хувьд Афганистан нь Оманы булан руу гарах, Иран бол Персийн булан руу гарах коридор, аюулгүй байдал юм. Орос төдийгүй, Казахстан, Узбекистан, Тажикстан болон Киргизстан зэрэг далайд гарцгүй ШХАБ-ын бусад гишүүн орнуудын хувьд ч энэ нь тун таатай нөхцөлийг бүрдүүлнэ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин ШХАБ-ын орнууд Талибаны дэглэмт Афганистаны шилжилтэд туслах болно гэж мэдэгдсэн юм.
Харин үйл явдлыг том зургаар харвал ШХАБ Иран гэх дэлхийн супер хүч болж чадах потенциал, Исламын ертөнцийн хамгийн хүчирхэг гүрнээр хүчээ зузаатгаснаар зөвхөн Афганистан төдийгүй, Ойрхи Дорнодын яриа хэлэлцээний гол тоглогч болж өөрчлөгдлөө. Гэхдээ ШХАБ-ын гишүүн орнуудын дотоод сөргөлдөөн, нэгдмэл бус байр суурийг ажиглавал нэг хэсэгтээ Афганистаны асуудлаар эрүүл хэлэлцээ, үр дүн гарахгүй нь гэх хүлээлт үүсээд байна.
Нөгөө талдаа цөмийн хөтөлбөр хэрэгжүүлэгч Иран улс баруунтай улам бүр сөргөлдөх болсон Москва болон Бээжинтэй илүү ойртсон явдал нь Израиль, Саудын Араб тэргүүтэй бүс нутгийн сөргөлдөгч орнуудын хувьд томоохон аюулын дохио болох нь гарцаагүй.
ШХАБ-ын төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд яригдсан гол асуудал нь ам.доллараас татгалзаж, өөрсдийн валютаар харилцан худалдаа хийх асуудлыг хөндсөн явдал байв.
Хятадын Уханийн их сургуулийн Санхүү, үнэт цаасны институцийн захирал Дун Дэншин энэхүү алхам нь зөвхөн ам.долларын ноёрхлыг дуусгаад зогсохгүй, ШХАБ -ын гишүүн орнуудад АНУ-ын эдийн засгийн хориг арга хэмжээнээс ангижрах, улмаар бүс нутгийн санхүүгийн аюулгүй байдлыг хангах шийдэл гэж тодорхойлсон. Гэхдээ олон улсын ажиглагчид үүний цаана Бээжин бүс нутагт юанийг үндсэн валют болгох замаар эдийн засгийн ноёрхол тогтоох зорилго агуулж байгааг дурдсан юм.
Тэгвэл өнгөрөгч лхагва гаригт АНУ, Их Британи болон Австрали улсууд Энэтхэг-Номхон далайн бүс нутагт өөрсдийн ашиг сонирхлоо хамгаалж, Бээжингийн түрэлтийг сөрөх зорилгоор батлан хамгаалах, цэрэг технологийн салбарт хамтран ажиллах “Aukus” гэрээнд гарын үсэг зурж, баталгаажуулсан. Энэхүү гэрээний хүрээнд АНУ болон Их Британи Австралид цөмийн цохилт өгөх хүчин чадалтай шумбагч хөлөг онгоц нийлүүлэхээр тохиролцсон. Ингэснээр Австрали улс АНУ, БНХАУ, ОХУ, Их Британи, Энэтхэгийн араас цөмийн пуужин тээвэрлэгч хөлөг онгоцтой болсон зургаа дахь гүрэн болно. Өөрөөр хэлбэл энэ нь Ази-Номхон далайд барууны тэнгисийн цэргийн хүч улам бүр хүчирхэгжиж, бэхжинэ гэсэн үг юм.
Түүнчлэн, Өмнөд Хятадын тэнгист Бээжинд шахуулах болсон Австралийн хувьд энэхүү алхам нь БНХАУ-д асуудлыг энхийн бус замаар шийдэхэд ч бэлэн байгаа гэх дохиог болсон гэж ажиглагчид дүгнэжээ. Өмнөд Хятадын тэнгис нь Канберрагийн хувьд далайн тээврийн гол гарц юм.
Харин Бээжингийн зүгээс барууны сөргөлдөгчдийн энэхүү нүүдлийг дэлхийн энх тайван, аюулгүй байдалд ноцтой заналхийлэл учруулсан, ухаангүй үйлдэл гэх зэргээр хурцаар шүүмжилсэн. Мөн АНУ, Австрали, Япон болон Энэтхэг гэх дөрвөн улс Ази-Номхон далайд Хятадын түрэлтийг сөрөх зорилготой Куад эвслийг байгуулж, цэргийн хамтарсан сургуулилтыг идэвхтэй хийх болсон билээ.
Монголын хувьд энэхүү үйл явдал нь манай уул уурхайн экспорт тэр дундаа нүүрсний экспортын орон зай, ирээдүйг маш тодорхой болгосон явдал байлаа. Үндсэндээ Хятадын нүүрсний импортын зах зээлд Австрали дахин орж ирэх нь бараг боломжгүй болж байна.
Гэхдээ АНУ, Их Британи болон Австралийн батлан хамгаалахын салбарт хамтран ажиллах гэрээ нь НАТО-гийн тэргүүлэгч улсууд дунд томоохон хагарлыг бий болгосон. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон энэхүү үйл явдлыг холбоотнууд “ар нуруунаас хутгалсан” явдал гэж дүгнэсэн бол Францын Гадаад хэргийн сайд Жан-Ив Ле Дриан үүнийг “ичгүүргүй урвалт” гэсэн юм.
Учир нь Франц улс 2016 онд Австралид нийт 66 тэрбум ам.долларын үнэ бүхий 12 ширхэг барракуда шумбагч хөлөг онгоц нийлүүлэх гэрээ хийгээд байв. Гэтэл Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон лхагва гаригт АНУ болон Их Британитай байгуулсан гэрээг зарлахаас хэдхэн хормын өмнө Францын талд 2016 оны гэрээг цуцлах болсон талаар мэдэгдсэн аж. Улмаар Францын Ерөнхийлөгч баасан гаригт АНУ болон Австралид суух Элчин сайдуудаа эгүүлэн татсан юм.
Ийнхүү ШХАБ хүрээгээ тэлж, НАТО-гийн гол гүрнүүд түнжин хагарсан сайн гэхээсээ илүүтэй муу үр дагаврууд дагуулж болзошгүй үйл явдлууд өрнөлөө.
ШХАБ-ын уулзалтаар Монголын нүүрсний экспортын орон зай тодорхой болов |
|