Төрийн эрх баригчид аа, ард түмэн, ААН-үүдээ авраач!!!

2021-10-01,   539

“Халтар царайт” киногоороо бидний эчнээ танил болсон Венесуэл газрын тосны нөөцөөр дэлхийд дээгүүр тооцогддог орон. Гэвч сүүлд хийсэн судалгаагаар тус улсад туйлын ядуурлын түвшин 76,6 хувьд хүрчээ. Энэ бол мэдлэг чадваргүй, популист улс төрчид улс орныг хөгжүүлэх биш сүйрүүлдэг болохын тод жишээ. Уул уурхай ч хөдөө аж ахуй ч хөгжих боломжтой. Гэсэн атал энэ улсын сая сая хүн ажилгүй, тэр бүү хэл амьдрах аргагүйдээ дүрвэж байна. Баялгийнхаа үр шимийг шингээж чадаагүйн гайгаар дайн дажингүй эх орноосоо иргэд нь дүрвэхэд хүрч байгаа нь энэ. Харамсалтай!!!!
 
Яагаад ч юм энэ түүх манайх юм шиг уншигдаж байгаа биз. Ёр дуудаж хэлсэн үг биш л дээ. Монгол Улс байгалийн баялгаараа дэлхийд тэргүүлэгч орон ч иргэд нь тал нутгийн тайван амгалан Монгол орноо орхихыг хүсэх...
 
“Хил нээвэл гадагшаа явна...”. Таны ойр дотны хэн нэгэн энэ үгийг хэлж байхыг нэг бус удаа сонсоо биз. Баялгийн үр шимээ хүртэж чаддаггүй, хөдөлмөрийн үнэлэмж байж болох хамгийн доод хэмжээнд хүрсэн энэ улс эзэнгүйдэх нь цаг хугацааны асуудал болжээ.
 
Энэ цаг үед Монгол хүн Монголын баялаг хэмээн цээжээ дэлдэх чадваргүй улстөрчдийн балаг дээр цар тахлын хүнд цаг үе нэрмээс боллоо. ААН-үүд ар араасаа хаалгаа барьж, ажилгүй иргэд тоо өдрөөс өдөрт өссөөр байна. Нийгмийн сүлжээнд аль хэдийн байр сууриа олчихсон акулуудаас эхлүүлээд дөнгөж хөлд ороод байсан ААН-үүд аргагүй эрхэнд цомхтгол хийж, ХААЛГАА БАРЬЖ байгаа гунигт түүхээ хуваалцаж байна. Тэд хүнд байдалд байна.
 
Мөнгийг нь гадаад хөрөнгө оруулагч авч, ажлыг нь монгол ажилчид хийсээр байх уу?
 
Одоогоос хоёр жилийн өмнө буюу УИХ-ын дарга Г.Занданшатар та, 2019 оныг “Эх оронч худалдан авалтын жил” болгон, алх тогшиж байв.
 
“Эх оронч худалдан авалтын жил”-ийн хүрээнд дотоодод үйлдвэрлэсэн үндэсний бараа, бүтээгдэхүүнийг худалдан авч хэрэглэхийг нийт аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд уриалсан. Гэвч энэ уриалга нэг их үр дүнд хүрэлгүй мартагдсан. Тэгвэл дээрх шиг уриалгыг бодит ажил хэрэг болгомоор цаг үе бол өнөөдөр. Ахуйн хэрэглээнээс эхлээд ажил үйлчилгээ, тендер, хөрөнгө оруулалт төсвийг Монголдоо үлдээдэг болохыг уриалмаар байна.
 
Нэг жишээ: Саяхандаа Тавантолгой түлш ХХК, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлтэй хамтран ажиллаж, өдөр тутмын үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд шаардлагатай бараа бүтээгдэхүүн, цаашлаад нарийн тоног төхөөрөмжүүдийг дотоодын үйлдвэрлэгчдээс худалдан авч байх үзэглэж, олон нийтэд зарлаж байв.
 
Тавантолгой түлш ХХК-ийн хувьд 1000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авдаг бөгөөд үүний талаас илүү хувийг импортоор авдаг байсан ч одоо бол үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ. Үр ашиг нь монгол хүнд, монголдоо үлдэнэ. Яг ийм жишгийг хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага нэгэнт үүсчээ.
 
Урд хойд хөршүүд хаалгаа л хаачихвал бид дотооддоо хийж чаддаг юмгүй гэдгээ гайхан суух болно. Яг ийм байдал цар тахлын өдрүүдэд сануулга, сургамж өгсөн. Хэдхэн өдрийн дотор дэлгүүрийн нарийн ногооны лангуу хоосорч, талхаа хүртэл зүсэж худалдаанд гаргаж чадахгүйд хүрсэн шүү дээ. Бид ийм л байна. Бусдын гарыг хардаг. 
 
Монголд томоохон тооцогддог грүппүүд бүгд гадны хөрөнгө оруулалттай. Тэд туршлагатай чадавхтай, чадалтай, хөрөнгөтэй, барьцаатай.  Иймээс томоохон тендерийг тэд базаж байна. Яаж ийж байгаад урт богино гар хөлөө ашиглан өрмийг нь хамдаг. Мэдээж авцаа өгцөө, авилга хээл хахууль ч чухал байх суурь эзэлж байгааг тэд мэдэж байна. Харамсалтай нь энэ бүхний эцэст тогооны ёроолд тогтож үлдсэн хусмыг нь Монголчууд буюу хамгийг нугалагч ажилчид хүртэнэ. Гунигтай. Учир  нь Монголын томоохон МОНОПОЛ гэгдэж байгаа компаниуд гадны хөрөнгө оруулалттай. Тэдний хөрөнгийн өчүүхэн хэсэг л Монгол ажилчдын цалин болж, үлдсэн нь гадагшаа урсаж байна.
 
 Монголын 3 сая иргэн Монголдоо сайхан амьдрахыг хүсдэг. Гэвч энэ хүслийг гадны хөрөнгө оруулалттай МОНОПОЛ компаниуд ийн хязгаарлаж байгаа гээд хэлчихвэл буруудахгүй. Иймээс баялгийг үр шимийг Монголдоо, Монгол иргэдээ шингээх бодлого хэрэгтэй байна, эрх баригчдаа.
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөрийн хөтөлбөртөө Үндэсний үйлдвэрлэл, баялаг бүтээгчдээ дэмжих “Эх оронч худалдан авалт” хөтөлбөрийг санаачлах тухай дурьдсан байгаа. Энэ санаачлагыг хөрсөн дээр буулгаж Монгол хүнээ дэмжих шаардлага тулгараад байгааг эрх баригчдад сануулах нь илүүц юм.
 
Нөгөө талд АХБ, ДБ, ЕСБХБ-ны санхүүжилттэй төслүүдийг мөн л Хятадын, Германы компани авлаа л гэнэ. Туслан гүйцэтгэгчээр Хятад, Сербийн компани ирж өрмийг нь авна. Монголчууд ажлыг нь хийж шавхрууг нь долооно. Ийм байдлаар 35 тэрбум долларын өрнөөс энэ зуундаа гарахгүй ээ. Дарга нар аа
 
Монголчууд чадахгүй, мэдэхгүй, хөрөнгөгүй, тоног төхөөрөмжгүй шүүмжлэл бий. Ингэж л голдог. Яг ингэж голоод Хятадын таван компаниар Улаанбаатар Дархан чиглэлийн замыг бариулахаар болсон. Үр дүн нь юу болов.
 
Одоогоор Дарханы замыг ажилд  Монгол компаниуд гүйцэтгэлийг нь хийж байна. Муу л бол хойд хар овоохой гэдэг шиг. Чадахгүй мэдэхгүй гэх бүхнийг Монголчууддаа тохож болохгүй юм. Мэдээж 100 хүрэхгүй ажилтантай, барьцаа хөрөнгө тааруухан зэрэг асуудлаас Үндэсний үйлдвэрлэгчдэд бий. Гэвч яг одоо бол Монголын баялгаа Монголдоо үлдээх уриалгыг ажил хэрэг болгох шаардлага үүсээд байна.
 
Ингэж байж ААН, иргэдээ аврах алхам нээгдэнэ шүү дээ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд ээ.  

Төрийн эрх баригчид аа, ард түмэн, ААН-үүдээ авраач!!!
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-05 20:25:05
    Тунгалаг Эрдэнэ Мягмарцэдэн: ёстой мундаг жүжигчин баяр хүргэe удахгүй ардын жүжигчин хөдөлмөрийн баатар болно гаргаж байгаа дүрүүд нь үнэхээрийн гайхамшигтай
Шинэ мэдээ