Ерөнхийлөгч "Нэг тэрбум мод" хөдөлгөөн өрнүүлж, зарлиг гаргажээ. Үүнтэй холбоотой ЕТГ-ын дарга Я.Содбаатар, БОАЖ-ын сайд Н.Уртнасан нар мэдээлэл хийлээ.
"Нэг тэрбум мод" хөдөлгөөнийг гурван үе шаттай явуулна
2021-2024 онд бэлтгэл үе шат
2024-2026 идэвхжүүлэх үе шат
2027-2030 он тогтвортой үе шат
Ерөнхийлөгчийн зарлиг:
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад Монгол Улсын хувь нэмэр, оролцоог нэмэгдүүлэх “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулан уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх цогц хөтөлбөр гарган ажиллахыг чиглэлээ болгох.
Жил бүр ДНБ-ий нэгээс доошгүй хувийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг үйл ажиллагаанд зарцуулах, улс орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын тодорхой хувийг байгальд ээлтэй орчныг бүрдүүлэх чиглэлд ажиллах.
Ойн салбарын бодлого үйл ажиллагааг зохицуулах Ойн агентлагийг сэргээн байгуулах. Улсын төсвийн дагалдах хуулиар тус агентлагийг сэргээн байгуулах санхүүжилтийг тусгах.
Төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан ойн ААН-үүдийг байгуулж, санхүүгийн зохистой механизмыг бүрдүүлэх. Монгол Улсын хэмжээнд үрсэлгээ, мод үржүүлгийн ААН-үүд үйл ажиллагаа явуулж байгаа. Үүнийг сонгодог утгаар нь ойн аж ахуй нэгж болгон дэмжлэг үзүүлэх.
Мод тарих ажлыг иргэдийн амьжиргааны тогтвортой эх үүсвэртэй уяж, татвар болон татварын бус бодлогоор дэмжлэг үзүүлэх.
“Халамжаас хөдөлмөрт” бодлогын хүрээнд мод тарих ажлыг уялдуулан зохион байгуулах.
Иргэн, ААН-үүдийг тарьсан модоор ойн сан бүрдүүлж, нэгдсэн санд бүртгэж авах, тарьсан модыг зах зээлийн эргэлтэд оруулж, бодит дэмжлэг үзүүлэх.
Жуулчидд мод тарих санаачлагыг дэмжих.
Дүүрэг, сум болгонд ногоон байгууламж байгуулж, мод тарих соёлыг сурталчлан түгээх.
Шаардлагатай усны нөөцийг бүрдүүлэх, ялангуяа гадаргуун усыг говийн бүс нутаг руу шилжүүлэх, цөөрөм байгуулах, усалгааны орчин үеийн техник, технологи нэвтрүүлэх.
Мод тарьж ургуулах арга, орчин үеийн техник технологи нэвтрүүлэх, хот суурин газрын ногоон байгууламжийг хот байгуулалтын төлөвлөлттэй уялдуулан бие даасан салбар чиглэл болгон ашиглах.
Байгаль орчноо хайрлан хамгаалах, экологийн боловсролыг бүх шатны боловсролын байгууллагын онцлогт тохирсон хэлбэрээр соён гэгээрүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэхийг зарлиг болголоо.
БОАЖ-ын сайд Н.Уртнасан "Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй Монгол Улсын нийт газар нутгийн 76.9 хувь нь нэн хүнд буюу цөлжилттөд өртсөн судалгаа бий. 1 тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг 10 жилийн хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлж чадвал нэн хүнд хэлбэрээр өртсөн 129 сая га талбайн хэмжээг 4 хувиар бууруулах тооцоолол байна.
Нэг тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэхдээ төр, хувийн хэвшил, иргэд, аж ахуйн нэгжүүдийн хамтын оролцоо, уялдаа холбоог хангаж ажиллана.
Мөн Ойн агентлагийг байгуулна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ойн мэргэжлийн 1078 байгууллага бий. Ойн нөхөн сэргээлт, ойжуулалтын асуудлыг дагнан хариуцдаг 224 аж ахуйн нэгж бий. Эдгээр байгууллагын чадавхийг бэхжүүлэхэд салбар яам уялдаа холбоог хангаж ажиллахаар анхаарч байна.
ДНБ-ий 1-ээс багагүй хувийг энэхүү ойжуулах, цөлжилтийн эсрэг зарцуулах тооцооллыг гаргаж ирсэн. 10 жилийн хугацаанд 4.3 их наядаар гэсэн тооцоолол бий.
Орон нутгийн зардлаар 30 орчим хувийг хангах боломж байна. Хувийн хэвшлийн санал, санаачилгыг зөв өдөөж, хоорондын уялдаа холбоог хангаж чадвал 45 орчим хувийг бүрдүүлэх боломжтой. Байгаль орчны салбарт олон улсын банк, санхүүгийн байгууллага, төсөл хөтөлбөрүүд өнгөрсөн хугацаанд нэлээд хэрэгжсэн. Өнөөдрийн байдлаар БОАЖЯ-нд 20 орчим төсөл, 130-аад сая ам.долларын төсөл, хөтөлбөр хэрэгжиж байна. Энэ төсөл хөтөлбөрүүдийн үр дүнг сайжруулж, хүрээг нь тэлж, ойжуулах, цөлжилтийн эсрэг томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж чадвал 20 орчим хувийг эндээс босгож болно.
Өнөөдрөөс мод тарих аян орон даяар эхэлж байна" гэлээ.
НОЦТОЙ: Үйлдсэн гэмт хэргээ нуухын тулд дахин 4 хүний амь насыг хороосон❗❗❗ |
|