Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагаас эхлэн олон нийтийн анхаарлыг татсан нэг зүйл бол шинээр өргөн барьж, хэлэлцэж эхэлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл байв. Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Х.Ганхуяг, Д.Өнөрболор, П.Анужин нарын гишүүд өнгөрсөн зургадугаар сарын 21-нд Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн байдаг.
Улмаар намрын чуулганы эхэнд байнгын хороо, чуулганы хуралдаанаар дээрх хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн юм.
Гэвч уг хуулийн төслийн 12.1.6-т “гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүл Монгол Улсад хувийн хэргээр оршин суух хүсэлт гаргасан тохиолдолд 50 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш хөрөнгийг Монгол Улсад хөрөнгө оруулалт хийснийг үндэслэн олгох” гэдэг заалт олон нийтийн шүүмжлэлийг дагуулж эхэлсэн юм.
Гэтэл баасан гарагийн орой УИХ-ын гишүүн Д.Өнөрболор өөрийн цахим хуудаснаа Хөрөнгө оруулалтын тухай хуульд туссан гадаадын иргэн 50.000 доллар төлөөд оршин сууж болох тухай заалтыг буцаан татахаа мэдэгдсэн юм.
Мөн тэрбээр хуулийн төслийн ахлагч Х.Ганхуягийг хариуцлагагүй хандсан үйлдлийнхээ талаар тайлбар хийхийг шаардав.
Үүний араас нэг их удалгүй УИХ-ын гишүүн П.Анужин нийгмийн сүлжээндээ "Үндэсний язгуур эрх ашиг хөндсөн, нөгөө талдаа итгэл эвдсэн энэ “Хог”- оо хэлэлцүүлэг ч хийлгэлгүй, түмний эе, төрийн нүүр баралгүй Хууль боловсруулагчын хувьд эргэн татвал Монголын ард түмэн болоод итгэл өгсөн хувь хүн би баярлана.
Эцэст нь, надад итгэдэг бүхий л хүмүүст хандаж хариуцлагатай хэлэхэд, хуулийн өөрчлөлттэй холбоотой олны бухимдал дагуулаад буй зүйл заалтанд миний бие огт оролцоогүй, нэг үг, үсэг нэмээгүй гэдгээ чин шударгаар хэлье" хэмээн мэдэгдлээ.
Үнэхээр гутамшиг биз. УИХ-ын гишүүний хийх ажил хууль батлах. Гэтэл өргөн барьсан хууль нь ажлын хэсэг байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэж байхад дүлий дүмб оргиж суусан хоёр гишүүн гэнэт л олон нийтийн шүүмжлэлтэй зэрэгцэн, гарын үсэг ч зураагүй, тийм заалт байгаагүй хэмээн мэлзэж байх. Тэд төрийн ажлын ингэж л хийж байна. Бүх л бүтэн хуулийн төслийг өргөн бариад түүнийг нь чуулган байнгын хороогоор хэлэлцэж байхад хаана байсан бэ, гишүүдээ. Төрийн хууль бол та бүхний тоглоом биш шүү, гишүүдээ.
Байнгын хороо, чуулганаар долоо хоног хэлэлцсэн хуулийг сөхөж хардаггүй өөрсдийгөө өмөөрөх нь ичгэвтэр бишүү, гишүүдээ |
|