А.Ариунзаяа сайд өнөөдөр хэд хэдэн хуулийн төсөл өргөн барилаа. Үүний нэг нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл юм.
Уг төсөлд: УИХ-аас нийгмийн даатгалын хууль эрх зүйн хүрээнд ажил олгогч болон даатгуулагчийн төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 2018 оноос үе шаттайгаар нэмэгдүүлж 19.0 хувьд хүргэх, өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх насыг 2018 оноос жил бүр 3 сараар нэмэгдүүлж, 2037 онд эрэгтэйчүүд, 2057 онд эмэгтэйчүүдийн өндөр насны тэтгэвэрт гарах насыг тус тус 65 насанд хүргэх, хүүхэд төрүүлж, өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сараар нэмэгдүүлж тооцохоор хуульчилсан. Мөн өөрийн хүсэлтээр эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа өндөр насны тэтгэвэр тогтоолгох тохиолдолд тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих доод хугацааг 2038 он хүртэл жил бүр 3 сараар нэмэгдүүлэх, малчны өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг 5 жилээр наашлуулах, тэтгэвэр тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дараалсан хугацааг 7 жил болгон өөрчилж, дундаж цалингийн хэмжээг мөн хугацааны цалин хөлсний нийт дүнг 84 сард хувааж тооцох зэрэг зохицуулалтуудыг тусгасан билээ.
Ийнхүү тэтгэврийн параметрийн өөрчлөлтүүд хийж байгаа ч хүн амын насжилт, тэтгэвэр авагчдын тооны өсөлт нь тэтгэврийн даатгалын сангийн зардал, улсын төсвийн ачааллыг нэмэгдүүлж, цаашид үүсэх асуудлуудыг нэг мөр шийдвэрлэж чадахгүйд хүргээд байгаа аж. УИХ-аас 2015 онд баталсан “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого”-д олон давхаргат тэтгэврийн тогтолцоог бүрдүүлэх, тэтгэврийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн ахмад настан бүрд суурь тэтгэвэр олгох, эдийн засаг, санхүү, хөрөнгийн зах зээлийн урьдчилсан нөхцөл хангагдсан тохиолдолд иргэн бүр сайн дурын үндсэн дээр хувийн тэтгэврийн нэмэлт даатгалд даатгуулж, нэмэгдэл тэтгэвэр авах талаар дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх шаардлагад үндэслэн энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна.
2037 онд эрэгтэйчүүд, 2057 онд эмэгтэйчүүд 65 насандаа тэтгэвэрт гардаг болно |
|