Собт трейд ХХК-ийн үүсгэн байгуулагч нь С.Ганбат буюу одоогийн Шадар сайд С.Амарсайханы төрсөн ах. Түүний хувьд нэлээд хэдэн компанийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч бөгөөд Собт трейд ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг юм байна.
Камертон хамтлагын тоглолт дагасан дуулиан үргэлжилсээр байна. Тодруулбал "Камертон" хамтлагийн тоглолтыг зохион байгуулсан "Зайсан хилл" цогцолборт байрлах "Собт трейд" компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ. “Собт трейд” компани " нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай “Хариуцлагын гэрээ” байгуулаагүй, түр журам, тусгай нөхцөл шаардлагуудыг удаа дараа зөрчсөн, харин "Зайсан хилл" нь наймдугаар сараас хойш 10 орчим зөрчилтэй байсан тухай албаныхан мэдээллээ.
Р.Отгонжаргал: “Собт трейд” компанид шалгалт хийж байна
Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга Р.Отгонжаргал “Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, мэргэжлийн хяналтын байгууллага, цагдаагийн байгууллага энэ оны зургаадугаар сараас хойш хамтарсан удирдамж, төлөвлөгөөний дагуу тогтмол хяналт, шалгалт явуулж байгаа. Шалгалтын хүрээнд Зөрчлийн тухай хуулийн 5.13-т зааснаар “Собт трейд” компанид Гамшгаас хамгаалах тухай хууль, тогтоомж зөрчсөн үйлдэлд зөрчлийн хэрэг нээж, шалгалтын үйл ажиллагаа явуулж байна. Шалгалтын ажиллагааг богино хугацаанд хийж гүйцэтгэн, маргааш шүүхэд асуудлыг тавьж, холбогдох хариуцлагыг тооцно” хэмээн ярьсан.
Л.Эрдэнэчулуун: Тоглолт үзсэн иргэд шинжилгээнд хамрагдах хэрэгтэй
НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун “Зайсан хилл” дотор байрладаг “Собт трейд” компани тоглолт зохион байгуулсан асуудлын хүрээнд мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт хийсэн. Шалгалтаар олон зөрчил илэрсэн. Ковидын нөхцөл байдал хүнд байгаа үед олон хүн цуглуулж, хууль бус үйл ажиллагаа хийж байгаа нь ард иргэдийн эсрэг хийж байгаа ноцтой гэмт хэрэг. Шалгалтаар тус компанийн хоолны газар нь ковид өвчнөөс сэргийлэх тусгай шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүй, “Хариуцлагын гэрээ” байгуулаагүй, иргэдийн халууныг хэмждэггүй, тэмдэглэл хөдөлдөггүй, ажилчид нь халдвар, хамгааллын хэрэгсэл хэрэглээгүй, хоёрдугаар тундаа хамрагдаагүй, нэг удаагийн бээлий хэрэглэдэггүй нь тогтоогдсон. Мөн хүн хоорондын зай бариагүй, тэмдэг, тэмдэглэгээ, хаалт байршуулаагүй, талбайн багтаамж 50 хувиас хэтэрсэн гэх мэт зөрчил илэрсэн. Түүнчлэн мэргэжлийн байгууллагаар ариутгал, халдваргүйтгэл хийлгэж байгаагүй гэсэн дүгнэлт гарсан. Өмнө нь хяналт, шалгалтын явцад илэрсэн энэ мэт зөрчил, дутагдал нь давтагдсан. Мэргэжлийн хяналтын байгууллагаас албан шаардлага хүргүүлсэн боловч хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй тул зөрчлийн хэрэг үүсгэсэн, торгуулийн арга хэмжээ авсан. Цаашид “Собт трейд” компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хүргүүлж байна. Тухайн компанид хариуцлага тооцно. Тоглолт үзсэн иргэд мөн шинжилгээнд хамрагдах хэрэгтэй” хэмээн ярилаа. Мөн “Зайсан хилл”-д өмнө нь 2-3 удаа арга хэмжээ зохион байгуулсан. Тэр бүрд хариуцлага тооцсон гэдгийг тодотголоо.
Т.Баярхүү: Хэний аж ахуйн нэгж байх нь хамаагүй, хариуцлага тооцно
УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү “УОК, Засгийн газар шат шатандаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжээд ажиллаж байна. Гэхдээ халдварын тархалт өндөр байгаа учраас аль болох шат шатандаа хариуцлагатай, “Хариуцлагын гэрээ”, тусгай нөхцөл, шаардлагыг баримталж ажиллах ёстой. Хамтын хүчээр халдварын ард гарна уу гэхээс биш, нэг үйл ажиллагааг хязгаарлаад, нэг талыг бариад ажиллаад байх боломж байхгүй. Бид аль болох үйл ажиллагаануудыг нээж байгаа. Ингэхдээ хариуцлагаа баримталж, ажиллах ёстой” гэлээ. Мөн “Хариуцлагын гэрээ”-гээр хоёр тал харилцан хариуцлага хүлээх ёстой. Түүнчлэн дабл /double/ стандарт гэж байх ёсгүй, шат шатандаа хариуцлага тооцно, хэний аж ахуйн нэгж байх нь хамаагүй. Бүгдэд нь хатуу хариуцлага тооцно” гэдгийг онцоллоо.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Шадар сайд С.Амарсайханы дүү С.Ганбатын “Собт трейд” компани удаа дараагийн зөрчилтэй ч амь бөх үйл ажиллагаа явуулсаар байжээ |
|