Ардчилсан намыг мандаж явахад Н.Алтанхуяг толгойлж байв. Дараалласан сонгуулиудад ялалт байгуулж, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай нам болж аархаж явсан үе тэдэнд бий. Женко Х.Баттулга, З.Энхболд тэргүүтэй улстөрчид Н.Алтанхуягийн туган дор жагсч УИХ-ын 2012 оны сонгуульд ялж, эрх мэдлийн “Бялуу”-аа эвтэй нь аргагүй хувааж байсан үе бий билээ.
Харин Н.Алтанхуягийг намаасаа хөөснөөс эхлэн тэд эцэс төгсгөлгүйгээр уруудан доройтож эхэлсэн гээд хэлчихвэл буруулахгүй.
2019 оны дөрөвдүгээр сар: Монгол Улсын Ерөнхий сайд, АН-ын дарга асан Н.Алтанхуягийг Ардчилсан Намын гишүүнчлэлээс хасах шийдвэрийг Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан Намын хорооноос гаргаж байв. Тухайн үед АН-д хийгдсэн дотоод аудитын шалгалтаар Н.Алтанхуягийг даргаар ажилласан 2008-2016 он хүртэлх намын санхүү, эд хөрөнгийн бүртгэлийг шалгасан бөгөөд нийт найман тэрбум төгрөгийн санхүүгийн зөрчил илэрсэн тухай мэдээлж байв.
АН-ын дотоод зөрчил ингэж дээд цэгтээ тулж, хөл толгойгоо олохгүй бужигнаж эхэлсэн.
Үйл явдлаас жилийн дараа Ардчилсан нам УИХ-ын сонгуульд оролцохдоо дөнгөж бүлэг байгуулах хэмжээний санал авлаа. Одоо бол АН шиг гутамшигтай, АН шиг арчаагүй нам алга. Тэд арайхийн сөрөг хүчин хийх эрхээ авсан ч өөр хөөрөндөө жийлцсээр өнөөдрийн эмгэнэлт драмыг бичиж байна. Одоо хөшгөө хаахад хэдхэн тоглолт л үлдсэн...
Тэгвэл ойрын өдрүүдэд улс төрийн хүрээнд яригдаж байгаа нэг мэдээлэл бол Ерөнхийлөгч асан Х.Баттулга УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт намаа өөд татаж, дахин сэргэлт хийхийг санал болгожээ. Нэг үгээр Н.Алтанхуягийг намын дарга болгох хороо найруулж, жороо тохируулж эхэлсэн сурагтай....
Намаа байргүй болгож, эд хөрөнгөөр тоглосон гэх "ялтай" Н.Алтанхуяг намаа аврах хүн мөн эсэхийг цаг хугацаа харуулна биз ээ
АН-ыг Н.Алтанхуяг аврах уу? |
|