Зүү тариур, эмнэлгийн хэрэгслүүд тасарч эхэлсэн, нарийн ногоо хүнсний зарим бүтээгдэхүүний хомсдол үүссэн гээд Эрээний боомт хаагдсанаас хойших Монголын зовлон жинхнээсээ эхэлсэн. Том жижиг гэлтгүй Монголын бизнес эрхлэгчид Эрээний хил хэзээ нээгдэх эсэх асуудалд чих тавих хүлээсээр...
Гэвч одоогоор энэ асуултад тодорхой тоймтой хариулт өгөх албан тушаалтан алга.
Шадар сайд С.Амарсайханы зүгээс “Эрээний хил хэзээ нээгдэх нь одоог хүртэл тодорхойгүй. 1-2 сар ч хаалттай байхыг үгүйсгэхгүй. Хятадын талаас хамгийн сүүлийн тохиолдол илэрснээс 21 хоногийн дараа хилээ нээх зохицуулалт барьж буй. Өнөөдрийн байдлаар манай улс эм, эмнэлгийн хэрэгслийн 14 хоногийн нөөцтэй байгаа бөгөөд цаашид хангамжийг нэмэгдүүлэх, тасалдалгүй байлгах тал дээр Засгийн газар, Улсын онцгой комиссоос боломжит бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлж байна" гэсэн.
Зарим эх сурвалжийн мэдээллээр Эрээний боомт ирэх гуравдугаар сард нээгдэнэ гэдгийг хэлж байна. Учир нь БНХАУ-д хоёрдугаар сард өвлийн олимпыг зохион байгуулна. Иймээс бүх бүс нутагтаа коронавирусийн халдварын тохиолдлуудыг хумьж, өвлийн олимд дуустал эрүүл бүс хэвээр байх чиглэл барих аж.
Харин зарим эх сурвалжуудын зүгээс Эрээн хотод халдварын тохиолдол нэмэгдэлгүй 14 хоновол дэглэм бууруулж, 21 хоногийн дараа хэвийн үйл ажиллагааг нь үе шаттайгаар буцааж сэргээнэ гэх мэдээлэл өгч байгаа юм. Өнөөдрийн байдлаар Эрээн хотод халдварын тохиолдол бүртгэгдээгүй хоёр хонож байна.
Эрээний хил ИРЭХ ОНЫ ГУРАВДУГААР сар хүртэл хаалттай байх уу? |
|