Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг хариуцлагаас чөлөөллөө

2021-11-10,   607

Хөгжлийн банкны удирдлагуудад холбогдох хэргийг өчигдөр шүүхээр шийдвэрлэлээ.
 
Тодруулбал, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Шинэбаатар, тус зөвлөлийн гишүүн асан, тус зөвлөлийн гишүүн асан эдийн засагч Ч.Отгочулуу нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэв.
 
Тэднийг эрх мэдлээ урвуулан Худалдаа хөгжлийн банканд давуу байдал олгосон хэрэгт буруутган ийн шүүсэн бөгөөд  тэд Худалдаа хөгжлийн банкны төв байрны 3240 ам метр талбайг нэг ам метрийг нь 8.3 сая, В1 давхарт байрлах автомашины 10 зогсоолыг 775 сая төгрөгөөр үнэлэн авч, гэрээ байгуулсан байдаг.
 
Н.Мөнхбатын хувьд энэ үйлдлээсээ гадна арилжааны банкинд хугацаатай байршуулсан байсан хөгжлийн банкны 4.6 тэрбум төгрөгийг хугацаа нь дуусаагүй байхад татан авч, Хөгжлийн банкинд хүүгийн алдагдал үүсгэсэн хэргээр ийн шүүгдлээ.
 
Гэвч шүүхээс Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу, Н.Мөнхбат нарын холбогдсон Худалдаа хөгжлийн банкинд давуу байдал олгосон гэх хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгав. 
 
Харин Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг эрх мэдлээ албаны эсрэг зорилгод ашиглаж хийх ёсгүй үйлдлийг хийсэн гэм буруутай гэж үзсэн ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөллөө.

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг хариуцлагаас чөлөөллөө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ