Барилгын компанийн эзэн П.Ганбат хууль бус, луйврын аргаар урчуудын эвлэлийн Ерөнхийлөгч болсон учир шүүхэд өгнө

2021-11-16,   610

Монголын урчуудын эвлэлийн  хороо өнөөдрийг хүртэл улстөр, бизнесээс ангид явж ирсэн цорын ганц салбар байлаа. Гэвч өнгөрсөн долоо хоногт болсон Монголын Урчуудын эвлэлийн хорооны ээлжит хурлаар энэ бүхэн төгсгөл болж байгаа бололтой. Энэ удаагийн хурлаар тус хороо шинэ Ерөнхийлөгч болон ТУЗ-ийн гишүүдээ сонгох байсан бөгөөд Ерөнхийлөгчид нийт 3 хүн нэр дэвшжээ. Харамсалтай нь Ерөнхийлөгчид нэр дэвшигч П.Ганбат гэгч нөхрөөс болж өнөөдөр  зураач, уран бүтээлчид хуваагдаад зогсохгүй Урчуудын эвлэл ч устах аюулд ороод байна.  Энэ талаар зураач нар ийнхүү үгээ хэлж байна.
 
-Урчуудын эвлэлийн Ерөнхийлөгчийн сонгуулийг та бүхэн яагаад хууль бус болсон гэж үзээд байгаа юм бэ?
 
-Урчуудын эвлэлийн ерөнхийлөгчид зураач А.Чадраабал, С.Чулуунбаатар, П.Ганбат нар нэрээ дэвшүүлсэн юм. Монголын Урчуудын эвлэлийн дүрмийн Х зүйлд “МУЭ-ийн гишүүн нь мэргэжлийн уран бүтээлч байна” гэж цагаан дээр хараар бичсэн байдаг. Мэргэжлийн уран бүтээлч гэдэг маань мэргэжлийн дипломтой байхаас гадна уран бүтээлийн үзэсгэлэнгээ олон улс болоод тив дэлхийд хоёроос дээш удаа гаргачихсан байх ёстой. Гэтэл П.Ганбатын хувьд аль ч шаардлагыг нь хангаагүй. Мөн нэр дэвшихэд шаардагдах бичиг баримтыг үнэн зөвөөр бүрдүүлж өгөх ёстой. Гэтэл П.Ганбат нь Ерөнхийлөгчид нэр дэвшихдээ шаардагдах бичиг баримтуудыг хуурамчаар үйлдсэн ноцтой хэрэг илэрсэн.  1994-1997  онд СУИС-ийн уран зургийн ангид суралцаж байсан гэх авч, төгссөн дипломгүй, эзэмшсэн мэргэжилгүй. Дүрслэх урлагийн “Анима” гэх сургуулийг төгссөн гэсэн ч мэргэжлийн дипломын огноо, дүнгийн хавсралтын огноо нь засвартай, бүртгэлийн дугааргүй байсан нь мэргэжлийн зураач биш, хуурамчаар бүрдүүлсэн бичиг баримт байсан. Бас ХБНГУ-ын Хумболдтын их сургуульд урлаг судлаачаар суралцаж байсан хэмээн  герман хэл дээр хоёр баримт өгсөн нь  бас л хуурамч. Нэг баримт нь хэлний шалгалтанд тэнцсэн батламж байсан бол нөгөө нь Хумболдтын их сургуульд суралцахад татгалзах зүйлгүй гэсэн батламж бичиг. Энэ мэт мэргэжлийн ямар ч дипломгүй байсан нь эхний луйвар. Дараагийнх нь СУИС-ийн уран зургийн ангид сурч байсан гэх дүнгийн хуулбараа  нотариатаар баталгаажуулж өгсөн нь ч хуурамч байсан. П.Ганбат СУИС-ийн уран зургийн ангид сурч байх үеийнхээ дүнгийн хавтгайг жагсаалтад хавсаргасан байсан. Тэндээ Цэгмэд гэх багшаар хичээл заалгасан гэсэн ч үүнийг нь Ц.Цэгмэд зураач үгүйсгэсэн.  Энэ тухай Ц.Цэгмэд гуай ажлын хэсэгт  өргөдөл гаргаж өгч, худал хуурмаг болохыг нь илчилсэн.  Ц.Цэгмэд багшийн хувьд  1997 онд хичээл заадаггүй, шалгагч багшаар ажилладаггүй, мөн тэр үед компьютерээр шивдэггүй  гарын үсгээ гараар зурдаг байсан.  Гэтэл П.Ганбатын дүнгийн хавтгай дээр компьютерээр  гарын үсгийг нь зурсан байсан. Ажлын хэсэгт Ц.Цэгмэд гуай өргөдөл гаргасан ч Удирдах зөвлөл энэ асуудлыг авч хэлэлцээгүй. Бүр Удирдах зөвлөл хаацайлж хамгаалж байсан нь хачирхалтай.
 
-Хамгаалах ямар нэгэн шалтгаан байгаа юм болов уу?
 
-Маш ноцтой шалтгаан бий. П.Ганбат нь барилгын компанийн эзэн. Гэсэн атлаа мэргэжлийн уран бүтээлчдийг нэгтгэдэг Монголын Урчуудын эвлэлийн хорооны Ерөнхийлөгч болохоор санаархаж байгаа нь цаанаа асар том ашиг сонирхол байгаа гэсэн үг. Манай Урчуудын эвлэлийн хороо нь хотын төвд  газар, барилгаа авч үлдэж чадсан ганц мэргэжлийн байгууллага. Гэтэл Урчуудын эвлэлийн хорооны Б корпусын газар дээр өнгөрсөн жил П.Ганбат нь  өөрийн хөрөнгөөр галлерей барьсан байдаг. Харин МУЭ-ийн дүрэмд зааснаар,  Урчуудын эвлэлийн газар болоод барилгад өөрчлөлт оруулах бол МУЭ-ийн Их хурлаар олонхийн саналаар шийдвэрлэнэ гэж заасан байгаа. Энэ дүрэм журмыг огт тоолгүй, Удирдах зөвлөлийн хэдэн хүнтэй Хөрөнгө оруулалтын гэрээ гэх зүйл хийж, уг барилгыг барьсан. Гэтэл Удирдах зөвлөл нь гэрээ хэлцэл хийх ёсгүй. Энэ мэтчилэн алхам тутамдаа хууль зөрчиж, тэрээр Урчуудын эвлэлийн газарт өөрийн хувийн галлерейгээ нээсэн байгаа. Одоогоор нэг давхар галлерей барьсан боловч суурь нь олон давхар барилгын зориулалттай. Тэгэхээр П.Ганбат нь ямар ч хамаагүй аргаар  Урчуудын эвлэлийн удирдлагыг атгаж байгаад, ямх ямхаар барилга болоод газарт шунаж байгаа гэхээс өөрөөр тайлбарлах арга алга. Хөрөнгө оруулалтын гэрээ гэгчээ 10 жилийн хугацаатай хийсэн гэх бөгөөд 10 жилийн дараа Урчуудын эвлэлийн өмчлөлд шилжүүлнэ гэсэн байсан. Харамсалтай нь үүн шиг худлаа зүйл байхгүй. Газрын наймаачид, бизнесмэнүүд аль ашигтай байрлалтай газар болон барилгыг өөрийн болгохдоо энэ аргаар идэж гаршсан байдаг юм билээ.  Ийм ашиг сонирхолын зөрчилтэй хүнийг  бид дэмжихгүй гэснээс болж Их хуралд оролцсон уран бүтээлчдийн дунд ч үл ойлголцол үүсч, танхимд бужигнаан үүсч, бүр нэгнийгээ гэмтээсэн хэрэг гарсан. Өнөөдөр зураач, уран бүтээлчид ядуу байгаа нь үнэн ч гэлээ ирээдүйгээ худалдаж болохгүй ээ. П.Ганбат нь алхам алхмаар хүмүүсийг өөртөө татаж, зарим зураачдын зургийг худалдаж авч, хувийнхаа галлерейд зургийн үзэсгэлэнг нь гаргах гэх мэтээр өөрийнхөө талд элсүүлсэн байдаг. Харин түүний хэтийн зорилго бол хэдэн уран бүтээлчид, зураачдын алс ирээдүй, Монголын урлагийн хөгжил ч биш ердөө тэр  хотын төьд байршилтай газар, барилгад л эзэн суухаар санаархаж буй хэрэг юм. 
 
-Гэхдээ тэрээр олонхийн санал авчихсан юм биш үү?
 
-Энэ санал хураалт шударга болоогүй юм аа. Хүндэтгэн үзэх шалтгаантай болон гадаад улсад, мөн хөдөө орон нутагт байгаа уран бүтээлчдээсээ  хайрцгаар болон цахимаар санал хураалтыг нь авсан. Эхний санал хураалтаар гурван нэр дэвшигчийн хэн нь ч 50+1 болзлыг хангаагүй учир дахин санал хураалт явуулахад П.Ганбат өрсөлдөгчөөсөө 6 хүний саналаар илүү байсан. Гэхдээ тэрээр ялагдахаа мэдэнгүүтээ  хайрцгаар болон цахимаар авсан саналыг саналын тоонд оруулаагүй. Энэ нь бас уран бүтээлчдийн сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн ноцтой үйлдэл болж байгаа юм. Дээр нь санал хураалтад мандатаа авсан уран бүтээлчид оролцоно гэж байсан ч сүүлдээ танхимын уур амьсгалыг эвдэж, мандатгүй маш олон хүмүүсийг оруулж, зарим нь бүр согтуу хөлчүү байсан. Тэгээд энэ бужигнаанаар санал хурааж, өөртөө ашигтай шийдвэр гаргуулсан. Тэгэхээр энэ хууль бус санал хураалт юм.  Ерөөсөө л ямар ч хамаагүй аргаар луйвардаад ч болтугай Ерөнхийлөгч болох нь л энэ хүний гол зорилго байсан. 
 
-Одоо та бүхэн ямар алхам хийхээр төлөвлөж байна вэ?
 
-Эхний ээлжинд П.Ганбатын хуурамч  баримтууд авчирч, хууль бусаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, улмаар ялалт байгуулсан гэх асуудлаар холбогдох бүх баримтуудыг цуглуулж,  шүүхэд хандана. Дашрамд хэлэхэд, хотын төвд байршилтай уран бүтээлчдэд ганц үлдэж буй барилга болон газарт үе үеийн дарга нар сэтгэлгүй хандаж ирсэн. Өмнөх Ерөнхийлөгч Ц.Энхжинтэй холбогдох газрын маргаан өнөөдрийг хүртэл таван жилийн турш шүүхээр явж байна. Уран бүтээлч, зураач бид нар жаахан үлдсэн газартаа олон цаг зургаа зураад суусны дараа хэсэг гарч амсхийх,  заримдаа натур зураг зурах гэх мэтээр аятайхан байдаг. Одоо бүр сүүлдээ гишгэх газар ч үгүй болох бололтой. Тэгэхээр барилгын компанийн эзэнд барилга, газраа алдаад бийр багсаа тэврээд гудамжинд гарахаасаа өмнө нэгдэж хамтарч тэмцэх хэрэгтэй байна.

Барилгын компанийн эзэн П.Ганбат хууль бус, луйврын аргаар урчуудын эвлэлийн Ерөнхийлөгч болсон учир шүүхэд өгнө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ