Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ШУТИС-ийн оюутны нэгдүгээр байрны дөрвөн давхраас нэг оюутан унаж нас барсан хэрэг гарсан байна.
Тодруулбал, өнгөрсөн амралтын өдөр ШУТИС-ийн дотуур байранд амьдардаг оюутнуудын дунд "Дэвжээ" тэмцээн зохиогдсон байна. Энэхүү тэмцээнд тэргүүн байр эзэлсэн “Vip House” багийн оюутан өндрөөс унаж, нас барсан тухай мэдээллийг эх сурвалж өглөө.
Эх сурвалжийн мэдээллээр тухайн "Дэвжээ" тэмцээнд түрүүлсэн багийнхан нэгдүгээр байр эзэлсэн баяраа оюутны дотуур байрныхаа зааланд тэмдэглэсэн байна. Ингэхдээ согтууруулах ундаа хэрэглэсэн бөгөөд өндрөөс унасан оюутны хувьд цонхоор тонгойж бөөлжих гэж байгаад энэ харамсалтай хэрэг гарсан байж болзошгүй байгаа аж.
Ямартай ч хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж байгаа аж. Өндрөөс унаж нас барсан оюутны хувьд ШУТИС-ийн дөрөвдүгээр дамжаанд сурдаг байжээ.
Тэгвэл энэ үйл явдал гарч, оюутнууд дотуур байранд архидан согтуурч байхад байрын жижүүр болон холбогдох хариуцсан хүмүүс яагаад таслан зогсоогүй вэ? гэх асуулт урган гарч байгаа юм.
ШУТИС-ийн дотуур байрны дөрвөн давхраас нэг оюутан унаж нас баржээ |
|