Улаанбаатар хотын харъяат, 30 настай эмэгтэй М нь Сонгинохайрхан дүүрэгт байрлах өөрийн гэртээ нөхөр Б-гийн хамт согтууруулах ундаа хэрэглэжээ. Хосууд нэг хүүхэдтэй бөгөөд, тухайн үед хадам аавынхаа гэрт хүүхдээ үлдээгээд, хамт 18 лааз шар айраг уусан байна.
Хосууд гэр бүлийн маргаантай байсан бөгөөд эхнэр нь ярилцаж, эвлэрэх зорилгоор хамт уусан ч, удалгүй маргажээ. Учир нь нөхөр Б нь “Бидний аль нэг нь үхсэн үед л хоёулаа сална” хэмээн хэл амаар доромжилсон гэх…
Улмаар уур нь хүрсэн эхнэр нь жижиг хутга авч нөхрийнхөө цээжний баруун доод хэсэгт нэг удаа хутгалжээ. Эхнэр М мэдүүлэгтээ: “Би энэ үйлдлийг согтуугийн халуунд хийсэн юм биш. Үнэхээр л үхээсэй гэж бодсон. Энэ хорвоогоос нэг ч гэсэн хог зайлж байвал, миний шоронд суух хамаагүй гэж бодсон” гэжээ.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч цээжний шархыг хөнгөн гэмтэл хэмээн тогтоожээ.
Харин хохирогч Б мэдүүлэгтээ: “Тухайн үед архи ууж хоорондоо муудалцсан. Яг ямар шалтгааны улмаас намайг хутгалсныг сайн мэдэхгүй байна. Бид хоёрын хувьд эвлэрсэн, харилцаа хэвийн байгаа. Гомдол, санал байхгүй” гэжээ.
Улмаар энэ сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс М-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Мд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.
Эх сурвалж: Eguur.mn
“Үхэж л байвал, миний шоронд суух хамаагүй” гээд нөхрийгөө хутгалжээ |
|