МҮЭХ: Иргэдийн дундаж цалинг 10 сая төгрөг болгохын төлөө шахаж, шаардана

2021-12-21,   490

МҮЭ-ийн холбооны XXIII их хурлаас гаргасан шийдвэр, ТҮ-1-3 шатлалаар цалинждаг ажилтнуудын асуудлаар ерөнхийлөгч С.Эрдэнэбат, аймаг, салбарын ҮЭ-ийн төлөөллүүд өнөөдөр /2021.12.21/ хэвлэлийн бага хурал хийлээ.
 
 МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат: МҮЭ-ийн холбоо XХIII их хурлаараа 2030 он хүртэлх хөгжлийн хөтөлбөрийн бодлогоо зарлаж байна. Бид Монголчуудынхаа ажил хөдөлмөр, амьдралын чанарыг хэрхэн яаж дээшлүүлэх вэ гэдэгт хариулт өгөх зорилготой бодлого зангидлаа.
 
 МҮЭ-ийн холбооноос баялгийн шударга хуваарилалтыг бий болгох, тэр дундаа дундаж орлоготой иргэдийг 80 хувьд хүргэнэ гэсэн Монгол Улсыг хөгжүүлэх бодлогод манлайлж ажиллана. Ингэхдээ цалин, хөлсийг 2025 он гэхэд хоёр дахинаас доошгүй хэмжээнд нэмэгдүүлэх зорилт тавьсан. Цаашлаад 2030-2040 он гэхэд Скандинавын орнуудын хэмжээнд хүргэнэ. Тухайн орнуудын дундаж цалин одоогийн тооцооллоор 10 орчим сая төгрөг байгаа. Үүнд үе шаттай хүргэхэд дөрвөн жилийн хугацаанд цалин хөлс, түүнтэй адилтгах иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд холбогдох байгууллагуудтай нягт хамтарч, шахаж шаардаж ажиллана.
 
 Албан хаагчдын ажлын байрны баталгаа, цалин хөлс, нийгмийн асуудал, урамшууллыг төрд хэвээр байлгах хатуу шаардлагыг тавьж байна. Хэрэв УИХ-аас тодорхой шийдэл өгөхгүй бол Монгол Улсын 21 аймаг, нийслэл Улаанбаатар хотод байгаа ажилчид дараагийн тэмцлийн хэлбэрт шилжинэ. Бидний шаардлагад арванхоёрдугаар сарын 25-ны дотор хариу өгөх ёстой. Шийдвэр гаргагчид шинэ он гарахаас өмнө ТҮ1-ТҮ3 шатлалын ажилчдыг хувийн хэвшилд шилжүүлэх тухай хуймгаа шийдвэрээ эргэн харж, бэлэг барих байх гэж найдаж байна.
 
 Төрийн үйлчилгээний 1-3 шатлалаар цалинждаг цэцэрлэгийн тогооч, эмч, манаач, үйлчлэгчийг хувийн хэвшилд шилжүүлж гэрээт ажилтан болгох асуудлыг бид эсэргүүцэж байгаа. Энэ асуудлаар ХНХ-ийн сайдтай одоо уулзах гэж байна. Хэрэв эндээс дорвитой шийдвэр гарахгүй бол хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд тэмцэл хийх болно гэв.
 
 
 
Эх сурвалж: МҮЭХ

МҮЭХ: Иргэдийн дундаж цалинг 10 сая төгрөг болгохын төлөө шахаж, шаардана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ