Яруу найрагч Б.Болорцэрэнгийн Болорцомд түрүүлсэн шүлэг

2021-12-26,   505

Арванхоёрдугаар сарын 24-ны орой Яруу найрагч Б.Болорцэрэн “Болор цом-39 наадмын цомыг өргөсөн.
 
Яруу найргийн наадмын эхний даваанд 144 шүлэг ирснээс 25 нь тунаж үлдсэн билээ.
 
Харин сүүлийн шатанд
 
Б.Болорцэрэн,
Н.Мөнхбаяр,
Л.Моломжамц,
Т.Бямбасүрэн,
Д.Галсансүх нар үлдээд байсан юм.
Тус наадамд Б.Болорцэрэн Т.Бямбасүрэн нар оноо тэнцэж дахин нэг шүлэг уншлаа. Онооны илүүгээр яруу найрагч Б.Боролцэрэн тодорч “Болор цом-39" наадмын цомыг өргөлөө.
 
 Эл шүлгээ хоёр хоногийн өмнө ижийгээ бурхан болсны дараа бичсэн байжээ. Шүлгийг хүргье.
 
Шүлэг бичихгүй л бол…
 
Шүлэг бичихгүй удвал хар дарна
 
Шүд уналаа гэж
 
Шүлэг бодохгүй өнжвөл хар санана
 
Зүүд хэллээ гэж
 
Шүлэг уншихгүй удвал зүс алдна
 
Шүлэг сонсохгүй өнжвөл зул шандуурна
 
Шүлэг бодохгүй гэвэл чадахгүй мэт
 
Шүлэг бичихгүй гэвэл нүгэл мэт
 
Ээжээс ч их бодогдоод ирэх
 
Ханиас ч илүү санагдаад үлдэх
 
Энэ шүлгийг хэн илгээнэ вэ
 
Ээж минь л байх…ээж л байх
 
Ургахаа умартдаггүй наран шиг
 
Урсахаа мартдаггүй мөрөн шиг
 
Шүлэг бодоогүй өдрийг санахгүй
 
Шүлэг хүсээгүй үдшийг мэдэхгүй
 
Ээж болсон өдөр минь шүлэг
 
Ээжгүй болсон өдөр минь шүлэг
 
Ааваа баярлуулах ганц зам
 
Амьд яваа минь шүлэг мэт
 
Шүлэг бичихгүй л бол
 
Эхийн ачийг санахгүй би
 
Шүлэг бичихгүй л бол
 
Элдэв өвчнөөс салахгүй би
 
Номын сангаа эмийн сангаар солино
 
Номын мөрөө ховын үгээр хөөнө
 
Ой санамж,үнэр амтаа алдана
 
Охин үр, үндэс угсаагаа ч мартна
 
Хүнээ больсон ч хүйсээ сольсон ч
 
Хөөрхий шүлэг минь гэвч намайг орхихгүй
 
Эр буруулавч нэр хөөдөвч
 
Ивий шүлэг минь гэвч надаас ичихгүй
 
Ийм болоод л
 
Өглөөг нүүр бардам угтна
 
Өчигдөр би хэнийг ч гомдоогоогүй
 
Өнгөрсөнөөс харамсал үл олно
 
Өдөр бүхий гараар шүлэг бичих минь учиртай
 
Наран жаргаад хаачдагийг мэдэх үү
 
Надад шүлэг авчирахаар явдаг юм
 
Найрагч охинтой гэж гүн итгэсэн
 
Ээжээс бэлэг аваад ирдэг юм

Яруу найрагч Б.Болорцэрэнгийн Болорцомд түрүүлсэн шүлэг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ