Э.Азжаргал:
- Би бол Маяара брэндийг үүсгэн байгуулагч. Дотооддоо үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр зүтгэж байгаа жирийн нэгэн эмэгтэй. Компаниа 2018 онд байгуулсныхаа дараа Шангрилла-д түр түрээслэгч байсан. 2 жилийн дараа Шангриллаагаас надад 73 ам метр талбайг түрээслэх санал тавьсан. Цементэн талбай хүлээж аваад түүнийгээ тохижуулахад 100 гаруй сая төгрөгийн зээл авч, олон улсын стандартад нийцсэн тохижилт хийсэн. Гурван жилийн хугацаанд энэ талбайд үйл ажиллагаа явуулна гэж тооцоод маш их хэмжээний зардал гаргасан. Гэтэл үйл ажиллагаагаа явуулаад 3 сарын дараа түрээсийн төлбөрөө 14 хоногоор хоцроосон гэдэг шалтгаанаар гэрээгээ цуцалсан. Ингэхдээ 14 хоногийн хугацаанд алданги тооцож байсан. Миний барьцааны мөнгө болох 14 сая төгрөг энэ компанийн дансанд байсан. Гэтэл бараа бүтээгдэхүүнийг маань лацдаж, цагаан сарын үеэр ямар ч борлуулалт хийх боломжгүй болгосон. Энэ үеэс цар тахлын хөл хорио тогтоож эхэлсэн. Яагаад ядарсан жижиг дунд үйлдвэрлэгчийг хохироож байгаа юм бэ.
- Шангрилла- Улаанбаатар гэдэг компанийн хөрөнгийн менежментийн газрын захирал Алтанчимэг, Булгантуяа нар бизнесийн ёс зүйгүй байдлыг бий болгож байна. Үүнийг би биш маш олон түрээслэгч нар хэлж байна. Өнгөрсөн жилийн 1 дүгээр сарын 24-ний өдөр 10 гаруй түрээслэгч нар уулзалдаад энэ компанид дуу хоолойгоо хүргэе гэсэн. 25-нд нь албан бичиг өгсөн. Гэтэл маргааш нь миний гэрээг цуцалсан. Хүчтэй нь хүчгүйгээ идэж, бизнесийг том жижгээр нь ялгасан. Тэдгээр түрээслэгч нараас хамгийн жижиг нь, хамгаалах хүнгүй нь би л байсан.
-Би шүүхдсэн. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр миний талд гарсан. 100 гаруй сая төгрөгөөр хохирсон боловч шүүхээс 60 сая төгрөгөөр хохироосон байна гэдгийг тогтоосон. Гэтэл цаг хугацаа хожих гэж байгаа юм шиг Дээд шүүхэд хандсан. Гэтэл Дээд шүүхэд өчнөөн хэрэг овоорчихсон, миний хэргийг хэзээ хэлэлцэх нь тодорхойгүй байна. Хэдэн сар хүлээж байна.
- Оджаргал захирлаа танийг Монголын мундаг бизнесменүүдийн төлөөлөл гэж боддог байсан. Та над шиг жижиг дунд үйлдвэрлэгч байсан. Гэтэл таны дор ажиллаж байгаа менежментийн компани чинь ёс зүйгүй байдал гаргаж байгааг та мэдэх үү. Олон улсын стандартын нэвтрүүлсэн компани байж яагаад дотоодынхоо жижиг дунд үйлдвэрлэгчдийг махны машин шиг машиндаж, нядалж байгаа юм бээ. Ашигтай санал тавьж оруулчихна. Дараа нь хөөгөөд гаргачихдаг. Махыг нь мөлжөөд ясыг нь хаяж байгаа аятай байна. Миний 100 сая төгрөгөөр тохижуулсан талбай дээр өөр түрээслэгч оруулчихсан байгаа нь ямар ашиг сонирхол байгаа юм бэ гэдгийг асуумаар байна!!
Э.Азжаргал: "Шангрилла Улаанбаатар" ХХК жижиг дунд үйлдвэрлэгчдийг махны машин шиг машиндаж байна! |
|