М.Мөнхзаяагийн амийг аварсан эмч Б.ӨЛЗИЙБАЯР: Тас хөлдсөн байсан хүүгийн зүрх цохилж эхлэхэд нь ямар их баярласан гэж санана

2022-01-20,   288

Хөлдсөн М.Мөнхзаяагийн амийг аварсан эмч Б.ӨЛЗИЙБАЯР: Тас хөлдсөн байсан хүүгийн зүрх цохилж эхлэхэд нь ямар их баярласан гэж санана
 
 
35 жилийн өмнө Ховд аймгийн Буянт суманд дөрвөн настай М.Мөнхзаяа хүү аавыгаа дагаж яваад 10 цаг хээр байсны улмаас хөлдсөн ч ачит эмч нарын буянаар дахин амилсан ховорхон хувь тавилангийн талаар манай сайт өмнө нь нийтэлсэн билээ. 1987 оны нэгдүгээр сарын 30-ны өглөө тас хөлдсөн хүүд анхны тусламж үзүүлж, худгийн хүйтэн усанд оруулж, амьдрал бэлэглэсэн тухайн үед Ховд аймгийн Буянт сумын хүүхдийн их эмчээр ажиллаж байсан  Б.Өлзийбаяртай ярилцлаа.
-Та “Хөлдөж үхсэн, найдваргүй” хэмээгдэж байсан М.Мөнхзаяа хүүд анхны тусламж үзүүлж, амийг нь аварсан байдаг. Хүүг хүйтэн усанд хийх тухай бодол юунаас улбаатай вэ?
 
      -Тэр жил би Анагаах ухааны дээд сургуулийг төгсөөд зургаа дахь жилдээ ажиллаж байсан. Харин  хүүхдийн нарийн мэргэжлийн эмчээр ажиллаад хэдхэн хонож байсан юм. Ажлын цаг эхлээд удаагүй байтал М.Мөнхзаяа хүүг ухаангүй, хөшчихсөн, тас хөлдүү, зүрх нь зогсчихсон байхад нь аав нь тэврээд ирж байсан юм. Сувилагч Должин эмчийн зааврын дагуу тариа хийтэл “Судас тариа болон булчин тариа орохгүй байна” гэсэн. Ингэж байтал Анагаах ухааны дээд сургуулийн ерөнхий мэс заслын Гоош багшийн мэс заслын хичээл дээр зааж байсан “Хөлдсөн хүнд анхны тусламж үзүүлэхдээ алгуур, аажим аргаар гэсгээх ёстой” гэх үг хамгийн эхэнд санаанд буусан.
 
 
Эрдэмтэн багш нарын заасан хичээл, ном бидний оюун санаанд хамгийн түрүүнд орж ирнэ шүү дээ. Тэгээд ч тариа хийх боломжгүй байсан учраас сувилагч нараараа ус зөөлгөж, хүүг 5-10 минутад худгийн усанд оруулж, дараа нь усныхаа температурыг бага багаар нэмэхэд 20 орчим минутын дараа хүү сэхэж, зүрх нь бага багаар цохилж эхэлсэн. Удалгүй хүүг даавуугаар ороож, хучаад гуурсаар халуун шөл, цай, цагаан архи өгч, дотроос нь халаасан. Хүүг тэр оройдоо аймгийн төвийн эмнэлэгт хүргэж, 14 хоног эмчлүүлсэн. Тухайн үед хүү халуурч, хатгалгаа авсан байсан учир бөөлжиж, хариу урвал үзүүлж байсан ч зөв эмчилгээ хийсэн учир хурдан эдгэрсэн.
 
-Хүү сэргэсэн даруйдаа ямар үйлдэл үзүүлсэн бэ. Хүүгийн арьс ямар байсан бэ?
 
     -Хүү сэргээд их айдас, түгшүүртэй байсан. Тийм учраас өрөөнд нь олон хүн оруулаагүй. Нүүр нь мэнчийтлээ улайж, нүд нь эргэлдэж байгааг нь хараад эмч, сувилагч нар их баярласан. Хүүгийн арьс хөлдүү ирэхдээ цавцайсан цагаан байсан. Уснаас гаргахад арьс, салст гэмтсэн зүйл байгаагүй. Оронд нь оруулж, халуун гар хүргэлгүй байлгасаар хэвийн болгосон.
 
-Та хүүг хөлдүү ирэхэд нь биеийн хэмийг нь үзсэн үү. Ямар байдалтай ирсэн бэ?
 
-Үзээгүй, тийм боломж, цаг хугацаа байгаагүй. Мэдээж, хасах хэмтэй байсан байх. Хүүгийн гар, хөл нь хөдөлгөөнгүй, нэг гараас нь татахад бүх бие нь өндийн босож, нүүр, ам нь битүү цан болчихсон, нүд нь орой дээрээ гарч, ам нь ангайгаад хөшчихсөн, хамраас нь цус урсаад хөлдчихсөн, тогшиход тог тог гэж дуугарч, зүрх нь зогсчихсон байсан.
 
-М.Мөнхзаяа хүүг аварсан тухай эргээд бодоход танд ямар санагддаг вэ?
 
     -Тухайн үед мэргэжлийнхээ дагуу үүргээ гүйцэтгэж, өргөсөн тангарагтаа хүрч, хийх ёстой ажлаа хийсэн гэж бодож байсан. Тэр үедээ огт тоохгүй бараг мартчихсан байж дээ. Хэн нэгний “Амийг аварчихлаа” гэж бодох ч сөхөөгүй ачаалалтай ажиллаж, дараагийн өвчтөнөө эмчлэхийн төлөө нойр, хоолгүй зүтгэж, дуудлагад явдаг байлаа. Харин одоо энэ тухай эргээд бодоход өөрөө итгэж яддаг. Бүр гайхдаг. М.Мөнхзаяа хүү бурханы аварлаар ус уух хувьтай байж ээ. Тэр үед “Залуу насны эрч хүч, мэдрэмж байсан байна.
 
Хоёрдугаарт, эрдэмтэн багш нарын ач гавьяа гэж боддог. Гуравдугаарт, монголчуудын уламжлалт арга ухаан нөлөөлсөн юм байна шүү” гэж санадаг. Тухайн үед аав, ээж, ах, дүү нар нь намайг “Хүйтэн усанд суулгаж байгаад хөнөөчихлөө гээд  амийг нь нэхвэл яах вэ” гэж бодолгүйгээр залуу насныхаа аагаар тийм үйлдэл хийсэн юм байна даа” гэж боддог. Эмнэлгийн тусламж үйлчилгээ бол баг хамт олны ажил байдаг. Ганц эмчээс шалтгаалдаггүй юм. Тэгэхээр Буянт сумын асрагч, сувилагч, жолооч, тогооч, аймгийн нэгдсэн эмнэлгийн тусламж үзүүлсэн эмч нарын гавьяа М.Мөнхзаяа хүүг дахин амьдруулж чадсан юм.
 
-Таныг эмчээр ажиллаж байх хугацаанд М.Мөнхзаяа хүү шиг хүнд өвчтөнүүд ирж байсан байх. Хэрхэн яаж эмчилж байсан тухайгаа ярьж өгөөч?
 
      -Таван хүүтэй айл охинтой болохыг мөрөөсөж байгаад охиноо төрүүлж, гарын алгандаа бөмбөрүүлдэг байсан юм билээ. Гэтэл охин нь таван настайдаа ханиад хүрч, хатгалаа аваад, улмаар хүндэрч, мэдрэл хорлого, комын байдалд орсон. Үнэндээ туйлын найдваргүй болсон байсан. Аймгаас хүүхдийн нарийн мэргэжлийн эмч дуудаж, зөвлөгөө авч долоо хоног сахисан юм. Түүнийг сахиж байхдаа би “Энэ охиныг эмчилж чадахгүй бол дахиж чагнуур зүүхгүй” гэж өөртөө тангараг өргөж байсан юм. Гэвч тэр охин яг М.Мөнхзаяа хүү шиг ус уух хувьтай байсан болохоор эдгэрсэн. Аав, ээж нь надтай тааралдах бүрдээ урмын үг хэлж, намайг баярлуулж, сэтгэл санаагаар дэмждэг. Би насан туршдаа тэднийг мартахааргүй болсон. Хожуу түүний хамаатных ах нь “Таны аварсан охин Эрхүүгийн Анагаах ухааны дээд сургуульд сурч байгаа” гэж байсан. Одоо хаана, юу хийж амьдардгийг нь мэдэхгүй. Эргээд энэ тухай бодоход “Тэр охин бурхан болчихсон бол аав, ээж нь яах байсан бол” гэж боддог, заримдаа айдаг.
 
-Таныг эмч болоход юу нөлөөлсөн бэ?
 
      -Миний аав сувилагч байсан. Ховд аймгийн нэгдсэн эмнэлэгт насаараа ажилласан. Намайг эмч болоход их дэмжиж, баярлаж, өөрийнхөө мэргэжлийг өвлүүлэх дуртай байсан. Намайг сургуульд байхад ээжийн бие муудаж, менингит тусаад сар гаруй хугацаанд эмчлүүлж тэнхэрсэн юм. Тэр үед би “Эмч болж, ээжийгээ эмчилнэ. Ээжийгээ урт наслуулна” гэж эмч болж байсан. Тэгээд аймгаасаа хамгийн өндөр оноог авч, Анагаах ухааны дээд сургуульд орж байсан. Ээж минь одоо 90 нас хүрэх гэж байна. Улаанбаатар хотод амьдарч байгаа. 
 
-Та Буянт сумын эмчээр хэдэн жил ажилласан бэ?
 
     -Миний хань Хөдөө аж ахуйн нэгдлийн нягтлан бодогчоор ажиллаж байсан юм. 10-аад жилийн өмнө бурхан болсон. Нөхрийгөө дагаад Буянт суманд 13 жил, Ховд аймагт найман жил ажилласан. Би 2010 онд тэтгэвэртээ гарсан. Ард түмний өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж, цаг наргүй ажилдаа зүтгэсэн байна лээ. Нэг мэдэхэд л залуу нас өнгөрчихсөн байсан даа.
 
 
 -Та мэргэжлийнхээ онцлогийн талаар ярьж өгөөч?
 
     -Намайг эмчээр ажиллаж байхад нэг хүний бие тааруу, хүндрэх юм бол эцсийг нь хүртэл харж, сахиж эмчилдэг байсан. Түүнээс наана гэртээ харих эрхгүй, гэрийн бараа хардаггүй байсан юм. Би суманд ажиллаж байхдаа шинэ жилийн баяр тэмдэглэж үзээгүй. Дандаа дуудлагад явж таардаг байсан. Гэхдээ багаасаа дурлаж, сонгосон мэргэжил болохоор сайхан. Харин залуу эмч нартаа “Өвчтэй, зовлонтой хүнийг мөнгө болгож битгий хараарай. Чин сэтгэлээ зориулж, туслаж, дэмжиж, эмчлээрэй” гэж хэлмээр байна.
 
-Таныг сумын эмчээр ажиллаж байхад ямар дуудлага хамгийн их ирдэг байсан бэ?
 
     -Намайг сумын эмчээр ажиллаж байхад малчин эмэгтэйчүүд гэртээ төрчихдөг байсан. Би хоёр дахь охиноо төрүүлчихээд, 56 хоноод ажилдаа орж байсан юм. Ажилд орсон эхний өдөр “Төрөөд ихэс нь гарахгүй 24 цаг болж байна” гэх дуудлага ирсэн. Дуудлагын дагуу айлд очоод төрсөн эхэд 7-8 цаг дусал, тариа хийж, ихэсийг нь гардаж, судас тариа хийж өвчтөнөө тээвэрлэж эмнэлэгт хүргэсэн. Харин намайг гэртээ иртэл 56 хоногтой нярай хүүхэд минь цангаад зөндөө уйлчихсан, ээжийг минь мөн ч их сандаргасан байсан даа. Тэгж л ар гэрийнхнийгээ умартаж, ажлын төлөө зүтгэдэг байлаа.
 
-Хүүхэд эмчлэх нь том хүнээс хэцүү юү?
 
     -Хүүхдийн онош амархан олддог. Бас эмчилгээ саш сайн авдаг.
 
–Та эрүүл мэндийн салбарт 21 жил ажиллаж, олон хүний амь аварчээ. Таны гавьяаг хэрхэн үнэлж байв?
 
     -Эрүүл мэндийн тэргүүний ажилтан, “Алтан чагнуур” шагнал хүртсэн. Нам бус болохоор янз бүрийн гавьяа, шагнал хүртэж байсангүй.
 
-Таны мэргэжлийг хүүхдүүдээс нь эзэмшсэн үү?
 
-Би гурван хүүхэдтэй. Хүний амь настай холбоотой хэцүү ажил учраас хүүхдүүдээ эмч болгоогүй. Эмч ар гэрийнхэндээ анхаарал халамж тавьж чаддаггүй болохоор эмэгтэй хүнд хэцүү байдаг.
 
Эх сурвалж: Ergelt.mn Сэтгүүлч Б.Гүнжид

М.Мөнхзаяагийн амийг аварсан эмч Б.ӨЛЗИЙБАЯР: Тас хөлдсөн байсан хүүгийн зүрх цохилж эхлэхэд нь ямар их баярласан гэж санана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ