Газар доорх "хот" чөлөө гуйж, нийслэл хөлдөхөд ойрхон байгааг сануулав

2022-01-28,   681

Нийслэлийн зүүн хэсэг өчигдөр оройноос өнөөдөр өглөө хүртэл халаалт, хэрэглээний халуун усгүй жиндүүхэн хонов. 
 
Тодруулбал, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Лувсанцэвээний гудамж Монгол Кино үйлдвэрийн баруун талын туслах замын зүүн талд дулааны шугамд гэмтэл гарсан. Мөн дээрээс нь Амгалангийн дулааны станцад гэмтэл гарсан шалтгаанаар  Зүүн 4 замын зүүн талын орон сууцны байрнууд халаалт, халуун усны хязгаарлалтад өртсөн нь энэ. 
 
Гэмтлийг хэрхэн засварлав
 
2.12 цагт: ТЭЦ-4-өөс сүлжээний нэмэлт усаар зүүн хэсгийн сүлжээний ажил хийгдэж байгаа хоёр хэсгээс бусад сүлжээг дүүргэсэн. Даралт ажлын даралтанд бараг хүрсэн. Кино үйлдвэрийн салаа, 16-р хорооллын салаанаас бусад хотын сүлжээ үндсэндээ ажилд залгагдахад бэлэн. Тусдаа ААН-үүд дээр зарим салаан дээр гэмтэл илэрсэн байна. Эдгээрийг тусгаарлаад засварын ажлыг хийж байна. Орон сууцны айл өрхүүдийг хангадаг УДДТ-үүдийн салаан дээр одоогоор нэмж гэмтэл илрээгүй байна.
2.51 цагт: Амгалан Дулааны станцын гагнуур дууссан. Зуухыг дүүргээд галлаж эхэлж байна. Шөнөдөө хоёр зуух галласан, өглөө нэг зуух нэмж галласанаар гурван зуух галлаж, гурав дахь зуух орж байж сүлжээний халуун 120 хүрнэ.
3.50 цагт: Кино үйлдвэрийн салаанд задарсан 200мм-ийн ган хоолойг гагнаж дууссанаар Кино үйлдвэрийн салааг залгаж эхэллээ. Сүлжээний залгалтын ажил эхэлж байна. Сүлжээний даралт, температурыг аажуухан нэмэгдүүлж ажлын даралтад хүргэнэ. 5 цагийн орчимд бүрэн ачааллаа авна.
6.06 цагт: Одоогоор Амгалан Дулааны станцаас гарах халуун 60 хэм, 7.00 цаг гэхэд 100 хэм хүргэх даалгавар ДҮТ-ээс өгөгдсөн ажиллаж байна. 
 
Ийнхүү алба хаагчид шөнөжин ажиллаж арайхийн айл өрхүүдийг дулаанаар хангаж, халуун ус түгээв. Он удаан жилийн туршид орхигдож гээгдсэн газар доорх шугам сүлжээ зэвэнд эдэгдэж, чөлөө гуйж байгаа нөхцөл байдал цаашид ч үргэлжилнэ. Газар дээр ганган сайхан барилга барьсан ч газар доорх "хот"-ын байдал "Шар гэрэл"-ээ анивчуулсаар байгааг ЗАСАГ ТӨР анхааралдаа авахгүй бол нэг л өдөр нийслэл даяараа хөлдөх нь ээ. 

Газар доорх "хот" чөлөө гуйж, нийслэл хөлдөхөд ойрхон байгааг сануулав
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ