Путины 1 тэрбум ам.долларын "нууц харш" доторхыг харуулсан шинэ зургууд дэлгэгджээ
Одоогоос нэг жилийн өмнө "Путины харш" хэмээх нэртэй нэвтрүүлэг гарсан бөгөөд түүгээр Оросын ерөнхийлөгчийн тансаг харшийг харуулсан байдаг билээ. Тус нэвтрүүлгийг ОХУ-ын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахыг нь хориглоод буй "Авлигатай тэмцэх сан" бүтээсэн юм.
Тухайн үед нутагтаа очингуутаа баривчлагдаад байсан сөрөг хүчний удирдагч Алексей Навальный Хар далайн Геленджикт байрлах тус харшийг Путин ямар замаар санхүүжилтийг нь босгосон, хэнээр хэрхэн бариулсан тухай 2 цаг гаруй урттай тэрхүү бичлэгт тайлбарласан билээ.
Гэхдээ "Авлигатай тэмцэх сан"-гийнханд харш дотор нэвтрэх эрх байгаагүй учраас тусгай комьпютерийн дүрслэл ашиглан дотор талыг нь харуулсан юм. Тэгвэл саяхан Путины харшийн дотор талыг жинхэнээр харуулсан 500 гаруй зураг ил болсон байна.
Эдгээр зургуудыг тус харшийг засан тохижуулж байх үед авсан аж.
Insider сайт "Путины харш" болон Италийн ерөнхий сайд асан Сильвио Берлусконигийн эдлэн хоёрын хооронд нийтлэг зүйл олон байгааг илрүүлжээ.
Жишээ нь, хоёуланд нь цэнгэлдэх хүрээлэн, задгай театр, хиймэл нуур, нууц хонгил, үдэшлэгийн танхим байдаг аж. Берлусконигийн харш мөн далайн эрэг дээр байрладаг бөгөөд хоёулаа эртний хийц бүхий задгай театртай гэдэг нь өөрийн эрхгүй анхаарал татна. Гэхдээ Путины харш нь илүү том хэмжээтэйн дээр илүү "тансаг" болж чаджээ.
Харьцуулбал Сардини арал дахь Берлусконигийн эдлэнгийн нийт талбай нь 4.5мянган м2 бол ОХУ-ын төрийн тэргүүнийх 17.6 мянган м2 юм байна.
Сильвио Берлусконигийн эдлэн нь 42 га талбай бүхий чидун жимсний цэцэрлэг, усан үзмийн талбайгаар хүрээлэгдсэн байв.
Тэгвэл Путины ордон бас томоос том цэцэрлэгт хүрээлэнтэй ажээ. Гэхдээ мэдээж хэмжээгээр хавьгүй илүү. Ганцхан усан үзмийн талбай нь гэхэд 300 орчим гектарыг эзэлдэг гэнэ.
Эх сурвалж : Caak.mn
Путины 1 тэрбум ам.долларын "нууц харш" доторхыг харуулсан шинэ зургууд дэлгэгджээ |
|