УИХ-ын гишүүн асан, Ардчилсан намын дарга С.Эрдэнийг өчигдөр нас барсан, өнөөдөр элэгний хорт хавдар туссан тул хандив өгч амьдрал хайрлаач гэх утгатай зураг бүхий постер мэдээлэл цахим орчинд цацагдсан. Улмаар түүний хүү Э.Одбаярын хувийн болон ажлын утасны дугаар, дансны дугааруудыг тавьсан нь олны анхаарал татав. Эл мэдээллийн дагуу бид С.Эрдэнийн хүү Э.Одбаяраас тодрууллаа.
-ХУДАЛ МЭДЭЭЛЭЛД ИТГЭЭД МӨНГӨ ШИЛЖҮҮЛСЭН ХҮМҮҮСИЙН МӨНГИЙГ БУЦААГААД СУУЖ БАЙНА-
-Сайн байна уу. Өчигдрөөс цахим орчинд таны аавыг нас барсан, өнөөдрөөс хорт хавдартай тул хандив гуйж байна гэх мэдээлэл цацагдаад байна. Юу болоод байгаа тухай мэдээлэл өгөөч?
-Энэ бол ор үндэслэлгүй худал мэдээлэл. УИХ-ын гишүүн Н.Учралын троллуудын хийж байгаа ажил. Миний утас болон дансны дугаар бичсэн постер мэдээллийн дагуу олон хүн мөнгө хийж байна. "Эрүүл энхийг хүсье" гэсэн утгатай мянга, тав, арав, хорин мянган төгрөг хүртэл орж ирээд байгаа. Дансны мэдээллийн 50, банк хоорондын гүйлгээний 200 төгрөгтэй нь нэмээд мөнгө шилжүүлсэн хүмүүс рүү буцаалт хийлээ. Гүйлгээний утга дээрээ "худал мэдээлэлд битгий итгээрэй" гээд баахан мөнгө шилжүүлж сууна л даа.
-Таны утасны дугааруудаас гадна дансны дугаарыг хүртэл тавьсан байна лээ?
-Миний ажлын болон гар утасны дугаар бүр дансны дугаарыг тавьчихсан байна лээ. Надад хувийн зүйл гэж байхаа болилоо. Бүгдийг нь задалж байна. Монгол баатрын зурагтай хуурамч хаягууд болон автомашины сугалаа, болдоггүй бор өвгөн гэсэн цахим хуудсуудаар дамжуулан намайг харлуулах мэдээллүүд дагнаж ордог. Иргэд олон нийт муухай эвлүүлсэн зурагтай худал мэдээлэлд итгээд тараагаад байх юм. "Худал мэдээлэл шүү" гэж өөрийн боломжоороо цахим хуудсуудаараа бичлээ. Өөрөөр ч яаж хэлэхэв дээ. Н.Учрал шиг том том нэвтрүүлгүүдээр ороод ярилтай биш. УИХ-ын индэр дээрээс хүн загнаад байж чадах биш.
-УИХ-ын гишүүн Н.Учралыг хардаж байгаа юу?
-Өөр хэн хийх юм бэ. Би Н.Учралд нэг л зүйл хэлсэн шүү дээ. "Нийтийн сонсголыг ингэж хийхгүй ээ" гэж хэлсэн. Арванхоёрдугаар сарын 20-нд шаардлага хүргүүлсэн. Түүний дараа над руу хүн амьтан яриулж байсан удаатай. Өөрөө ч бас над руу мессеж бичиж байсан.
-Та аавтайгаа холбоо барив уу, энэхүү худал мэдээлэл хүнд туссан байх?
-Сар шинийн баяраар манайхан ханиад томуутай байсан учир золголт хийгээгүй. Гэртээ өөрсдийгөө тусгаарласан. Утсаар ярьж, видео чатаар холбогдсон. Мэдээж сайхан биш л байгаа байх. Ямар онцгүй мэдээлэл вэ, яагаад ингэж дайрч байгаа юм бол гэсэн л зүйл ярьж байна лээ. Өөр юу ч ярихав. Аав руу дайрах нь хэвийн үзэгдэл болчихсон. Намайг ухаан орох цагаас л дайрч байсан. Харин эгчийг минь гүтгэсэн гомдолтой байна. Хөгжлийн банкнаас зээл авсан гэж баахан гүтгэлээ. Баримтаа гаргаж ирээд нотол, баримттай гүтгэ. Хууль хяналтын байгууллагаар шалгуул гэж хэлмээр байна.
Э.Одбаяр: Худал мэдээлэлд итгээд хандив өргөсөн хүмүүсийн мөнгийг буцаагаад сууж байна |
|