Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн долоо хоногт Хөгжлийн банкны зээл олголт, төлөлтийг шалгах эрүүгийн хэрэгт зарим объектод нэгжлэгийн ажиллагаа явуулж, Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар Мөрдөгчийн мэдэгдэл 2-ыг бичиж, холбогдох байгууллагуудад хүргүүлжээ.
АТГ-аас Хөгжлийн банкны хугацаа хэтэрсэн, чанаргүй ангилалд хамруулсан 52 зээл нь Хөгжлийн банкны тухай хууль, Зээлийн журам, зээлийн бодлогын баримт бичиг зэрэг хууль тогтоомжийн дагуу олгогдсон эсэх, Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнууд албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, зээлдэгч аж ахуйн нэгжүүдэд давуу байдал бий болгож, хууль бусаар олгосон эсэх, хахууль авч, төрд хохирол учруулсан эсэхийг тогтоохоор мөрдөгчдийн ажлын хэсэг байгуулан мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн.
Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Хөгжлийн банканд учирсан хохирлыг арилгуулахаар дараах арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд:
Зээлийн зарцуулалтыг шалгаж зориулалтын бусаар зарцуулсан тохиолдолд гэрээг цуцлуулах, зээлийг эргэн төлүүлэх;
Зээлдэгч компанийн болон тухайн компанийн хувьцаа эзэмшигчдийн хувийн хөрөнгө, дансыг захиран зарцуулах эрхэд хязгаарлалт тогтоох;
Зээлдэгч аж ахуйн нэгжүүдийн эцсийн өмчлөгчийг тогтоох, аж ахуйн нэгжүүд болон эздийн нуугдмал хөрөнгийг илрүүлэн битүүмжлэх зэргээр төрийн зөрчигдсөн эрхийг сэргээх, төрд учирсан хохирлыг барагдуулах чиглэлээр мөрдөн шалгах ажиллагааг төлөвлөн явуулж байна.
Хөгжлийн банкны зээлтэй холбогдуулан зарим объектод нэгжлэг хийжээ |
|