Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар татан буугдсан “Капитал банк” ХХК-д байршиж байсан Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг төлүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хэлэлцсэн юм.
Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ""Капитал банкийг 2019 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр татан буулгахад Монголбанкны хяналт шалгалтын тайлангаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газарт нийт 240 тэрбум төгрөгийн өр төлбөр барагдуулах тооцоо гарсан.Мөрдөн шалгах ажиллагааны явцад битүүмжлэгдсэн хөрөнгөнөөс Эрүүл мэндийн даатгалын санд 34,5 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг, НДЕГ-т 22,5 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг шилжүүлж өгсөн. НДЕГ, ЭМДЕГ шилжүүлэн авсан эд хөрөнгийг Үндэсний зөвлөлөөс гаргасан журмын дагуу дуудлага худалдаагаар борлуулж, тухайн сангуудад эргэн төлөгдөх байдлаар үйл ажиллагаа үргэлжилж байна. Өнгөрсөн амралтын өдөр дээрх хоёр газрын удирдлагуудыг байлцуулж, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах явцад "Капитал" банкны барьцаанд болон өөрийн өмчлөлд байсан эд хөрөнгүүдийг танилцуулж, авбал зохих хувь хэмжээгээр хувь тэнцүүлж, шилжүүлэхээр тохиролцсон. Өнөөдрийн хуралдаанаар үлдэгдэл 118 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хувь тэнцүүлэн шилжүүлэхээр үүрэгжүүлсэн. ЭМДЕГ-ын авах ёстой үлдэгдэл 91,9 тэрбум, НДЕГ-ын үлдэгдэл 74,3 тэрбум төгрөг байна" гэлээ.
Х.Нямбаатар: Капитал банкны битүүмжлэгдсэн 118 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хоёр сан руу хувь тэнцүүлэн шилжүүлнэ |
|