Хөгжлийн банкинд зээл олгосон баримт бичгүүдийн 66 хувь нь зөрчилтэй, нотлох баримт дутуу, ямар нэгэн байдлаар устсан онцлогтой байна

2022-02-25,   269

Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлаар тус банкны удирдлагууд мэдээлэл хийлээ.
 
Энэ үеэр Хөгжлийн банкны Дэд захирал Ж.Эрхэмбаатар:
 
"Би ажлаа аваад 14 хоног болж байна. Өнөөдөр үүссэн нөхцөл байдалд нөлөөлсөн хүчин зүйлсийг тодорхойлох, засах чиглэлд ажиллаж байна. Ерөнхий сайдын зүгээс цаашид алдаа дутагдал гаргахгүй байх үүрэг чиглэл өгсөн.
 
Хөгжлийн банкны нэхэмжлэлтэй хэргүүд шүүхийн шатан дээр ямар явцтай байгааг танилцуулах нь зүйтэй.
 
Анхан шатны шүүхэд 16 хэрэг гацсан. Нийт 750 орчим тэрбум төгрөгийн хэрэг.
 
Хамгийн удаан хүлээгдэж буй нь "Монгол Драй Милк" ХХК, 886 хоног анхан шатны шүүх дээр хугацаа алдаад явж байна. Хоёрдугаарт "Эрэл" ХХК, 497 хоног удаа дараа хойшилж байна. "Монгема" компани 365 хоног хойшилсон.
 
Сүхбаатар дүүргийн шүүх дээр зориуд гацааж байсан нь тогтоогдсон н.Уранчимэг шүүгчид хариуцлага тооцсон байгаа.
 
Давж заалдах шатны шүүхэд ннэг, Хяналтын шатны шүүх дээр зургаан хэрэг хүлээгдэж байна. Нэгдсэн дүнгээр 1.2 их наяд  төгрөгийн маргаан зөвхөн шүүх дээр явж байна.
 
Үүний зэрэгцээ боловсон хүчний асуудал байна. Улс төрийн нөлөө бүхий хүмүүс ажилд томилогдож байж. Шүүх дээр Хөгжлийн банкны эрх ашгийг өмгөөлөх ёстой хоёр хуульчийн нэг нь хэлтсийн даргын чиглэлээр очоогүй, оролцсон нэг нь дуугүй шахуу суусан байна. Иймд эхнээс нь зарим албан тушаалтнуудыг чөлөөлөөд явж байна.
 
Мөн зээл олгосон баримт бичгүүдийн 66 хувь нь зөрчилтэй, нотлох баримт дутуу, ямар нэгэн байдлаар устсан онцлогтой байна" гэлээ.

Хөгжлийн банкинд зээл олгосон баримт бичгүүдийн 66 хувь нь зөрчилтэй, нотлох баримт дутуу, ямар нэгэн байдлаар устсан онцлогтой байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ