Буруу рультэй автомашины импортыг хориглож, хотын төвөөр явбал өндөр хураамж төллдөг байх асуудал судлагдаж эхэлсэн байна.
Энэ талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагадаа "Шийдэмгий, хатуу шийдвэрүүд гаргах цаг болсон. Нэгдүгээрт, импортоор орж ирж байгаа насжилт өндөртэй, он хуучин, цаад газраа аваар осолд орсон, буруу рультэй зэрэг тээврийн хэрэгслүүдэд импортын хязгаарлалт тогтооно. Цаад газраа төмрийн хог руу ачигдахад бэлэн болсон автомашинуудыг манайхан засаж, янзлаад эх орондоо зарж байгаа. Үүнийг хориглоно. Импортоор орж ирж байгаа буруу рультэй тээврийн хэрэгслийг 2022 оны наймдугаар сараас уу, 2023 оны нэгдүгээр сараас хорих уу, энэ хооронд шийдвэр гарна. Харин одоо ороод ирсэн буруу рультэй машинуудад хугацаа өгнө. 2025 он хүртэл үү, 2026 он хүртэл гэдэг юм уу. Тэрнээс цааш шууд хориглоно.
Хоёрдугаарт, нийслэлийн нутаг дэвсгэрт явж байгаа автомашины татвар, хураамжийг нэмэгдүүлнэ. Жишээ нь, Их тойруу руу буюу хотын төв рүү орж ирэхдээ автомашинууд тодорхой цэг дээр өндөр төлбөр төлж орж ирнэ. Тэгж хотын төвд машинтайгаа зорчих эрх нээгдэнэ. Цаашлаад Их тойруу шиг бусад тойргуудыг бүсчилж гаргана. Хамгийн өндөр төлбөртэй нь Их тойруу буюу хотын төв байна" гэжээ.
Д.Сумъяабазар: Хотын төв рүү орж ирэхдээ автомашинууд тодорхой цэг дээр өндөр төлбөр төлж орж ирнэ |
|