Г.Баасан: Ч.Мөнхбаярыг үйлдэл дээр нь барьсан гэх боловч түүнтэй уулзсан гадаадын байгууллагын этгээдийг баривчлаагүй

2022-03-10,   611

“Монгол хүн Монгол хүндээ тусалъя” ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаярыг өнгөрөгч хоёрдугаар сарын 17-нд ТЕГ-аас дайчлан баривчилж, гэрт нь нэгжлэг хийсэн билээ. 
 
Улмаар ТЕГ-аас мэдээлэл хийж, иргэн Ч.Мөнхбаярыг гадаадын тусгай байгууллагатай багагүй хугацаанд хамтарч, тэдгээрийн үүрэг даалгаврыг биелүүлж, мөнгөн урамшууллыг тогтмол авч байсан нь тогтоогдсон хэмээн мэдээлсэн юм. Тэгвэл Ч.Мөнхбаярын өмгөөлөгч нар өнөөдөр /2022.03.10/ мэдээлэл хийлээ.
 
Ч.Мөнхбаярын өмгөөлөгч Г.Баасан "Нийтэд ил болсон мэдээллийг үндэслэн үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалах үүднээс энэхүү хэвлэлийн хурлыг хийж байна. 2022 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр ТЕГ-аас олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулж байгаад дайчлан баривчилж, цагдан хорьсон. Харин 18-ны өдөр ТЕГ-аас мэдээлэл хийж, хойшлуулшгүй арга хэмжээ явуулж, баривчилсан хэмээн мэдээлсэн. 
 
Энэхүү мэдээлэл нь нийгэмд иргэн Ч.Мөнхбаярыг гарцаагүй ял авах нь ээ гэсэн ойлголт төрүүлэх уур амьсгал бүрдүүлсэн. Энэ нь ЭХХШ тухай хуулийг санаатайгаар зөрчсөн үйлдэл юм. ТЕГ-аас иргэн Ч.Мөнхбаярыг үйлдэл дээр нь барьсан гэх боловч гадаадын байгууллагын этгээдийг баривчлаагүй. Яллагдагчаар ч татаагүй. Тэр ч бүү хэл тухайн этгээдийг Гадаадын тагнуулын байгууллагын алба гэдгийг нотлоогүй.  Үйлдэл дээрээ баригдсан гэдэг нь нотлогдоогүй байхад ийм мэдээлэл түгээж, түүнийг тагнуул хэмээн зарлаж, яллана хэмээн сүрдүүллээ. Энэ нь эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж үзэж байна. 
 
Тагнуулын байгууллагын мэдээлснээр Ч.Мөнхбаяртай хамт байсан гадаадын тагнуул гэх хүнд яагаад манай улсын хууль үйлчилсэнгүй вэ. Нөгөөтээгүүр Ч.Мөнхбаяр нь сэтгүүлч хүн. Тиймээс ч улсын нууцыг мэдэхгүй, нууц задруулах боломжгүй" гэлээ. 
 
 

Г.Баасан: Ч.Мөнхбаярыг үйлдэл дээр нь барьсан гэх боловч түүнтэй уулзсан гадаадын байгууллагын этгээдийг баривчлаагүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ