20 гаруй жил дуншсан казино байгуулах асуудал дахин хөндөгдөж эхэллээ. 1990-ээд оны сүүлээр "Монгол Улсад казино байгуулна" гэх ярианы эхлэл тавигдсан байдаг. Улмаар 1990-өөд оны сүүлээр казино гэгчийг ажиллуулж, улстөрчид балгийг нь үүрч байсан түүх бий. Тодруулбал, 1996-2000 оны УИХ Казиногийн хууль баталсан. Уг хуулийн дагуу казино байгуулах эрхийн тендер зарлагдсан бөгөөд "Мон Макао" компани авсан байдаг. Гэвч өрсөлдөгчид нь тендер шударга бус болсон хэмээн заргалдсанаар эцэстээ Монгол улсын түүхэнд анх удаа Улсын Их Хурлын 3 гишүүний эрхийг түдгэлзүүлж, улмаар шүүхээс авлигын хэргээр Мон Макао компанийн захирал Байгаль болон дээрх 3 гишүүн зэрэг хэд хэдэн хүнд ял оноож байв. Улмаар Казиногийн хуулийг хүчингүй болгох тогтоол батлагдаж байв. Дараа нь 1998, 2007, 2009, 2015 онуудад УИХ-ын гишүүд хуулийн төсөл санаачлан өргөн барьж байв. Гэвч өнөөдрийг хүртэл парламентын босгыг даваагүй Казино байгуулах тухай яриа улстөрчдийн амны уншлага хэвээр байна.
Тэгвэл Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Д.Оюунхорол “Хөшигийн хөндийн 31 мянган га газарт эдийн засгийн чөлөөт бүс бүхий суурьшлын бүс байгуулна. Үүний 1000 га газрыг эдийн засгийн чөлөөт бүсэд ашиглахаар шийдвэрлэж байна. Энэ 1000 га газарт аялал жуучлал, тээвэр логистик, худалдаа, үйлчилгээний чөлөөт бүс байгуулна.
Чөлөөт бүсэд жуулчин татахын тулд казино байгуулах хэрэгтэй. Дэлхийн 155 улсад 5800 казино үйл ажиллагаа явуулж байна. Энэ улсууд аялал жуулчлалаа хөгжүүлж, ковидын үед ч эдийн засаг нь 35 хувиар өссөн улс байна.
Монгол Улсын их хурал, Засгийн газар хамтран зоригтой шийдвэр гаргаж, хууль эрхзүйн орчин, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах боломжийг бүрдүүлж чадвал жуулчид ирнэ. Манай улсад жилдээ 550 мянган жуулчин ирж байна. ДНБ-ий 3.5 хувийг аялал жуулчлалын салбараас бүрдүүлж байгаа нь хангалтгүй байна. Тиймээс жуулчдын тоог 1, 2 сая болгохын тулд жуулчдын цагаа өнгөрөөх боломжийг бий болгох хэрэгтэй. Казино байгуулснаар аялал жуулчлалын салбарт үйлчилгээний эдийн засаг хөгжих боломж бүрдэнэ” гэсэн мэдээллийг өглөө.
Ийнхүү казино байгуулах эсэх асуудал дахин гараанааас гарах нь ээ...
Монгол Улсад КАЗИНО байгуулна гэдгийг УИХ-ын гишүүн асан Д.Оюунхорол мэдэгдлээ |
|