Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх шийдлүүдийг тодорхойлжээ

2022-03-22,   399

Дэлхий дахин нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг үлэмж хэмжээгээр бууруулах хэрэгцээ шаардлага тулгараад байгаа энэ үед томоохон эдийн засагтай орнууд ийм бохирдлыг улам нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлсээр байгааг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш даваа гарагт шүүмжилжээ.
А.Гутерреш мөн дэлхий нийт уур амьсгалын аюулын ирмэгт дөхөж ирээд байгааг анхааруулсан байна. Тэрбээр 200 орчим улс орны төлөөлөгчид нүүрстөрөгчийн давхар ислийг бууруулах төлөвлөгөөний талаар хэлэлцэхээр цахимаар чуулж буй тогтвортой байдлын асуудлаарх дээд хэмжээний уулзалтын ийнхүү хэлжээ.
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын мэргэжилтнүүдийн зөвлөл нь /IPCC/ бодлого боловсруулагчдад зориулсан 3000 хуудас бүхий тайланг эцэслэн хянаж байгаа бөгөөд хоёр долоо хоногийн дараа буюу ирэх дөрөвдүгээр сарын 4-ний өдөр нийтлэх ажээ.
Дэлхийн дулаарлыг зогсоохын тулд эрдэмтэд, холбогдох албаны төлөөлөгчид агаар мандалд ялгарч буй хүлэмжийн хийг бууруулах, улмаар арилгахыг зорьж байгаа юм. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Лигиа Норонхагийн ярьснаар, дэлхий нийт дэлхийн дулаарлыг цельсийн 1.5 хэмд тогтоон барих зорилтод хүрэх замдаа ороогүй байна.
Дэлхийн 200 орчим улс орны төлөөлөгчид “IPCC”-гийн сүүлийн найман сарын турш боловсруулсан гурав дахь буюу сүүлийн тайланг эцэслэн хянахаар цахим хэлбэрээр чуулж байгаа бөгөөд өмнөх хоёр тайланд уур амьсгалын хямралын шалтгаан болон үр дагаврын талаар тусгасан юм.
Энэхүү тайлангийн хувьд эрдэмтэд хорт хийн ялгарлыг бууруулахад чухал ач холбогдолтой эрчим хүч, тээвэр, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт голчлон анхаарал хандуулжээ. Түүнчлэн дэлхийн эдийн засаг чулуужсан түлшнээс нүүрстөрөгчийн давхар ислийг бага хийгээд огт ялгаруулдаггүй нар, салхи, цөм, ус, устөрөгчийн эрчим хүчний эх үүсвэрүүд рүү шилжих шаардлагатайг цохон тэмдэглэжээ.
Мөн агаар мандалд хэдийнээ ялгарсан CO2–ыг хэрхэн арилгах арга замуудын талаар судалсан байна. “Ирэх жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн төлөв байдал нэн чухал болно. Иймд түүний сөрөг нөлөөллийг бууруулах шинэчилсэн үнэлгээний ач холбогдол нь урьд урьдынхаасаа нэмэгдээд байна” гэж “IPCC”-ийн өндөр албан тушаалтан Хосон Ли ярьжээ.
Энэ зуунд дэлхийн агаарын температурын өсөлтийг цельсийн 1.5 хэмээс доош байлгахын тулд Засгийн газрууд богино хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээнд гол анхаарлаа хандуулах шаардлагатай байгаа хэдий ч нүүрстөрөгчийн давхар ислийн бууруулах улс орнуудын амлалтаас харахад манай гараг 2100 он гэхэд 2.7 хэмээр дулаарах тооцоотой байна.

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх шийдлүүдийг тодорхойлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ