Сэтгэл зүйч У.Мэндбаяр: Гэрээт харуул хамгаалалтын байгууллагад сэтгэл зүйч ажиллуулах нийгмийн хэрэгцээ шаардлага байна.

2022-04-20,   728

Сэтгэл зүйч У.Мэндбаяр: Гэрээт харуул хамгаалалтын байгууллагад сэтгэл зүйч ажиллуулах нийгмийн хэрэгцээ шаардлага байна.
Ингээд Монголын хамгийн анхны Гэрээт харуул хамгаалалтын байгууллагын сэтгэл зүйч болох У.Мэндбаяртай хэсэгхэн хоромд сонирхолтой яриаг өрнүүллээ.
Сайн байна уу? Та өөрийгөө товчхон танилцуулаач.
Намайг Уранчимэг овогтой Мэндбаяр гэдэг. Сэтгэл зүйч мэргэжилтэй. Сэтгэл судлалын ухааны магистр. Байгууллагын сэтгэл судлаачаар дагнан мэргэшиж яваа хүн байна. 
Яриагаа таны судалгаа шинжилгээний ажлаас эхлэе. Та яагаад Гэрээт харуул хамгаалалтын байгууллагыг сонгох болов? Энэ салбарыг сонгож судлахад танд юу их нөлөөлөв?
Би 2012 онд их сургуулиа төгссөн. Төгсөөд мэргэжлээр ажиллая гэж боддог байсан ч тухайн үед цалин хөлс бага, ажлын байр хомс байсан учраас нэг хэсэгтээ гэрээт харуул хамгаалалтын байгууллагад ажилласан. 2013-2018 он хүртэл бараг 6 жил ажилласан юм байна. Намайг гэрээт харуул хамгаалалтын байгууллагад ажиллаж байхад байгууллагын нийгэм сэтгэл зүйн асуудал доголдолтой, ажилчид маш их стресс уур бухимдалтай, удирдлага ажилчдын хооронд сөргөлдөөнтэй байсан. Тэр үед гэрээт харуул хамгаалалтын байгууллагад сэтгэл зүйч ажиллах нэн хэрэгцээ шаардлага байгаа юм байна гэдэг бодол хөвөрч эхэлсэн. Тэгээд би Хууль сахиулахын Их Сургуулийн Ахлагчийн Сургуулийн Гэрээт харуул хамгаалтын ажилтны дамжаанд сурч байхдаа энэ сэдвийг сонгож аваад магистрын дипломын ажлаа бичье гэж шийдсэн дээ. Цаашдаа энэ салбараараа дагнаад судалгаа шинжилгээний ажил хийж байгаа. 
Гэрээт харуул хамгаалалтын байгууллагад ажиллахад цалин хөлс бага, нийгмийн баталгаа байхгүй, хүнийг амралтгүй ажиллуулдаг гэсэн шүүмжлэл олон нийтээс их ирдэг. Үүнтэй та санал нийлж байна уу? 
Гэрээт харуул хамгаалалтын байгууллагууд харилцан адилгүй юм шиг санагддаг. Миний ажиллаж байсан “Скай Кинг “ хэмээх гэрээт харуул хамгаалалтын байгууллага нь аль болох ажилчидынхаа цалин хөлсийг цаг тухайд нь өгөхийг эрмэлзэлдэг байсан. Мөн ажилчиддаа шагнаж урамшуулах тал дээр бусад байгууллагуудаа бодвол мундаг байсан. Би магтахаас илүүтэйгээр бодит байдлыг хэлж байгаа юм шүү. Мэдээж цалин хөлсний хувьд бага байх нь ойлгомжтой шүү дээ. Энэ байгууллагаас бүр бага цалингаар ажиллуулдаг байгууллага зөндөө байгааг үгүйсгэх аргагүй шүүдээ. 
Гэрээт харуул хамгаалалтын байгууллагад сэтгэл зүйн сургалтууд хэр явагддаг вэ? Ажилтнууддаа ажиллах сэдэл мотивацийг хэрхэн яаж өгдөг вэ? 
Мэдээж сэтгэл зүйн сургалт хаяа нэг явагдана. Гаднаас мэргэжлийн сэтгэл зүйч авчирч хаа нэг харилцаа хандлагатай холбоотой сэдвээр сургалт явагддаг байсан. Ганц сургалтаар ажилчид сэдэл мотивацийг авч чадахгүй шүүдээ. Үүнд боловсон хүчин буюу хүний нөөцийн мэргэжилтний ур чадвар чухал нөлөө үзүүлнэ гэж миний хувьд бодож байна. 
Монгол улсад хичнээн тооны гэрээт харуул хамгаалалтын байгууллага үйл ажиллагаа явуулж байна?
Монгол улсад 2018-2020 оны байдлаар бол албан бусаар бол 300 гаруй гэрээт харуул хамгаалалтын байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бол цагдаагийн газар албан ёсоор бүртгэлтэй 246 байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн судалгаа гарсан. Ковидын нөхцөл байдал болон эдийн засгийн хямралаас шалтгаалаад энэ тоо бага зэрэг буурсан байх.
Гэрээт харуул хамгаалалтын байгууллагад сэтгэл зүйч ажилласнаар ямар ямар эерэг өөрчлөлтүүд гарах вэ? Ажлын байрны тодорхойлолтын гол чиг үүрэг нь юу юм бол?
Гэрээт харуул хамгаалалтын байгууллагад сэтгэл зүйч ажиллавал эерэг үр дүн гарах нь ойлгомжтой асуудал шүү дээ. Ядаж л байгууллагын нийгэм-сэтгэл зүйн асуудлыг тогтвортой байлгахад маш их ач холбогдолтой. Ажлын байрны тодорхойлолтын гол чиг үүрэг бол байгууллагын удирдлага болон ажилчдын нийгэм-сэтгэл зүйн асуудалд онцгой анхаарал хандуулах, хүний нөөцийн сонгон шалгаруулалтанд хяналт тавьж оролцох, сэтгэл зүйн тестүүдээр тухайн ажил горилогчоос сул ажлын байранд тэнцэж тохирох эсэх дээр нягталж, шалгалт авах, байгууллагын бодлого төлөвлөлтөнд нөлөөлж, удирдлага ажилчдын хоорондын маргааныг эерэгээр шийдвэрлэхэд зонхилох үүрэг рольтой.
Гэрээт харуул хамгаалтын байгууллагуудын мэргэжлийн холбоод хэр их байдаг вэ? Ялангуяа таны санал болгоод байгаа гэрээт харуул хамгаалалтын байгууллагад сэтгэл зүйч ажиллуулахад мэргэжил арга зүй туслалцаа үзүүлэх мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагууд байна уу? Та ер нь тэдэнд хандаж үзсэн үү?
Монголд харуул хамгаалалтын ажилтны холбоо гэдэг байгууллага байдаг. Би магистрын судалгааны ажлын хүрээнд хандаж үзэж байсан. Би харин магистрын дипломын ажлын хүрээнд Монголын харуул хамгаалалтын байгууллагуудын сэтгэл зүйчдийн нийгэмлэг ГҮТББ байгуулсан. Цаашдаа бүх гэрээт харуул хамгаалалтын байгууллагад өөрийн үүсгэн байгуулсан нийгэмлэгээрээ дамжуулж сэтгэл зүйч ажиллуулах зорилго чиглэл өвөртлөн ажиллаж байна. Ирээдүйд магадгүй 5-10 жилийн дараа Монголын хамгаалалтын ажилтны холбоо, Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэг, Монголын харуул хамгаалалтын байгууллагуудын сэтгэл зүйчдийн нийгэмлэг хэмээх 3 байгууллагын хүрээнд гурвалсан түншлэл байгуулж нийгэмд хэрэгтэй олон чухал ажлуудыг хамтран хийе гэсэн санаа байна.Түүнийгээ ажил хэрэг болгох гээд зүтгэж л явна. 
Нууц биш бол таны үүсгэн байгуулсан төрийн бус байгууллагын үйл ажиллагаа эхэлсэн үү? Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулинд сэтгэл зүйч ажиллуулах талаар хуульчилсан заалт байдаг уу? Ажиллаж хөдөлмөрлөхөд хууль эрх зүйн орчин хэр бүрдсэн бэ? 
Төрийн бус байгууллагаа үүсгэн байгуулсан ч одоохондоо үйл ажиллагаа эхлээгүй байна. Ковидын нөхцөл байдал болон бусад хүчин зүйлсээс шалтгаалаад төрийн бус байгууллагынхаа үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлаа хангаад явж байна. Хууль эрх зүйн орчны хувьд одоохондоо дэмжсэн зүйл заалт байхгүй байна. Харин Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тал дээр гэрээт харуул хамгаалалтын байгууллагууд болон мэргэжлийн холбоодтой хамтран ажиллахыг эрмэлзэж байна.
 Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулинд ямар ямар зүйл заалт нэмэх шаардлагатай байна гэж та мэргэжилтэн хүний үүднээс үзэж байна вэ? 
Гэрээт харуул хамгаалалтын тухай хууль 2000 оны 1 дүгээр сарын 20 нд анх батлагдсан 2017 оны 2 сарын 9нд нэг нэмэлт өөрчлөлтүүд орсон байх. Яг ажилтан алба хаагч, байгууллагуудад хэрэгтэй нэмэлт өөрчлөлтүүд бол ороогүй байна лээ. Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлагууд байна. Тухайлбал 
ГЭРЭЭТ ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 
12 дугаар зүйл : Харуул хамгаалалтын байгууллагын эрх 
12.1.6  Харуул хамгаалалтын байгууллага өөрийн байгууллагыг түшиглэсэн байгууллагын нийгэм сэтгэл зүйн албыг байгуулан ажиллуулах, эмч сэтгэл судлаачийг байнгийн болон түр ажлын байраар хангах, төрийн бодлогоор дэмжүүлэх 
12.1.7 бусад
13 дугаар зүйл: Харуул хамгаалалтын байгууллагын үүрэг
13.1.6 Харуул хамгаалалтын алба хаагчдадаа сэтгэцийн эрүүл мэндийн анхан шатны дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор байгууллагын нийгэм сэтгэл зүйн алба байгуулан ажиллуулах 
13.1.7 бусад 
ГЭРЭЭТ ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨН НАЙРУУЛАХ ТУХАЙ 
13 дугаар зүйл:Харуул хамгаалалтын байгууллагын үүрэг 
13.1.3 Харуул хамгаалалтын алба хаагчаар цэргийн алба хаасан, 20 нас хүрсэн, биеэ хамгаалах чадвартай, эрүүл мэнд, бие бялдар, ёс зүйн шаардлага хангасан, сэтгэцийн хувьд хэвийн, ажлын туршлагатай, холбогдох сургалтад хамрагдсан, ял шийтгэлгүй хүнийг ажиллуулах,
Хэрвээ хууль тогтоогч нар таны энэхүү санал шийдлийг авбал шинэлэг ажил болох юм байна. Нийгэмд тодорхой хэмжээгээр эерэг үр дүн гарна гэж ойлгогдлоо. Та энэ талаар оюуны өмчийн газраас патент, зохиогчийн эрх авах талаар хандаж үзсэн үү? 
Бичиг баримтуудаа бүрдүүлээд хандах санаа байна. Цаашдаа хавсарга шинжлэх ухаан болгон хөгжүүлэх том зорилго, мөрөөдөлтэй явна. Мэдээжийн хэрэг шинэлэг санал санаачлагын хүрээнд хийгдэж байгаа ажил учраас оюуны өмчийн газар хандаж, патент буюу зохиогчийн эрх авах талаар хөөцөлдөнө гэсэн бодол байгаа. 
Сонирхолтой яриа өрнүүлсэн танд маш их баярлалаа. Таны цаашдын судалгаа шинжилгээний ажилд өндрөөс өндөр амжилт хүсье. 
 

Сэтгэл зүйч У.Мэндбаяр: Гэрээт харуул хамгаалалтын байгууллагад сэтгэл зүйч ажиллуулах нийгмийн хэрэгцээ шаардлага байна.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ